ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ӨМНӨГОВЬ: Гашуунсухайт боомтын шинэчлэл 60 гаруй хувьтай байна

O.Admin
2024-03-15

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулахаар төлөвлөсөн ажлууд үе шаттай хэрэгжсээр байна. 

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга нараар ахлуулсан ажлын баг ажиллалаа.

Гашуунсухайт боомтод шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил 60 гаруй хувьтай явж байна. Энэ оны зургаадугаар сарын 25 гэхэд бүтээн байгуулалтын ажлууд бүрэн дуусаж, нүүрсний 10 эгнээ, зорчигчийн гурван гарцтай болно хэмээн ажлын багт танилцуулав.  

 "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд 2024 онд хоёр хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулахаар орон нутгийн төсвөөс 1,8 тэрбум төгрөг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, орон нутгийн төсвөөр Гашуунсухайт боомтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, усны нөөцийн судалгаа, лабораторийн тоног төхөөрөмж, Шивээхүрэн боомтод ажилчдын 24 айлын орон сууц, нийтийн ариун цэврийн газар, хилийн боомтын захиргааны алба хаагчдын орон нутгийн нэмэгдэл зэрэгт зарцуулжээ.