Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд "Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төсөл дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд Азийн сангийн дэмжлэгтэйгээр хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхэдтэй Форензик ярилцлага хийх чадвар бүхий мэргэшсэн албан хаагчийг бэлтгэх зорилгоор Сургагч багш бэлтгэх сургалтыг 2024 оны гуравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Форензик ярилцлага нь тусгайлан бэлтгэгдсэн мэргэжилтнээс хүн худалдаалах гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогчийг сэтгэцийн гэмтэлд дахин орохоос сэргийлж, хүүхдэд ээлтэй, хохирогч төвтэй байдлаар ярилцах аргачлал бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, насанд хүрээгүй хохирогчид туслалцаа, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр гадаадын улс орнуудад хэрэгжүүлдэг шилдэг туршлага юм.
Сургагч багш бэлтгэх сургалтад цагдаагийн байгууллагын болон нийгмийн хамгааллын салбарын 25 ажилтан, албан хаагч хамрагдаж, сургалтыг АНУ-ын Мэриланд мужийн Балтимор хот дахь Хүүхэд хамгааллын төвийн мэргэшсэн нийгмийн ажилтан Кримсон Барокка, доктор Кэрри Ханнан болон Шаннон Вүүдс нар удирдан явуулж байна.