ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН: Давуу байдлаа ашиглан Сонгуулийн тухай хуулийг зөрчихгүй байхыг шаардаж байна

O.Admin
2024-03-28

АН-ын дэд дарга И.Мөнхжаргал, Ж.Баярмаа, Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж:

news.mn/wp-content/uploads/2024/03/Screenshot-1624...

Сонгуулийн жил эхэлснээр Ардчилсан намаас СЕХ-ны гаргасан хуваарийн дагуу гуравдугаар сарын 24-ний өдөр УИХ-ын ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө улс төрийн зөвлөл болон Үндэсний бодлогын хороогоор батлуулан Аудитын байгууллагад хүлээлгэн өгсөн. АН эв нэгдлийг 2023 оныг үдэж, “Бүтэн Ардчилал” аяны хүрээнд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт байгаа намын нийт гишүүд, дэмжигчдээс мөрийн хөтөлбөрийн санал авах уулзалтыг зохион байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд нийт 25 мянган км замыг туулж, нийтдээ 31 мянга гаруй гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, 5100 гаруй албан ёсны мөрийн хөтөлбөртөө саналыг нэгтгэж есөн бүлэг, 90 дэд хэсэг, 900 зүйлтэй эрчимт хөгжлийн хөтөлбөрийн мөрийн хөтөлбөрөө боловсруулан эцэслэсэн.

Мөрийн хөтөлбөрийн гол агуулга нь үе үеийн ээлжит сонгуульд орж байгаа улс төрийн намууд, эрх баригч МАН-ын хэрэгжихүйц бус, хэмжигдэхүйц бус, эдийн засгийн тооцоололгүйгээс шалтгаалж өнгөрсөн найман жилийн хугацаанд улс эх орон ард түмний өмнө амласан амлалтаа зөрчсөн. МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжсэн байдалд АН-ын ажлын хэсэг гарч дүгнэлт хийсэн. Энэ удаагийн сонгуульд

  1. хэмжигдэхүйц
  2. хэрэгжихүйц
  3. Өнгөрсөн найман жилийн хугацаанд унасан эдийн засгаа эрчимт байдлаар сайжруулах “Бүтэн Монгол Бүрэн Ардчилал” мөрийн хөтөлбөрөө эцэслэн батласан.

АН-ын дэд дарга И.Мөнхжаргал:

-Намын даргын онцолж хэлснээр Ардчилсан намын мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт бус ажлын төлөвлөгөө юм. Өнгөрсөн найман жилийн хугацаанд иргэдэд ирж буй өрийн, бизнес эрхлэгчдэд учирч буй төрийн дарамтыг арилгаж татварын бодит бодлогыг хэрэгжүүлэх, авлигыг хэрхэн шийдвэрлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Өнгөрсөн өдрүүдэд Хөгжлийн банкны хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдлээ.

Гэхдээ хоёр жилийн хугацаанд дуулиантайгаар үргэлжилсэн энэ хэрэгт хэрэгтэн байсангүй. Авлигатай тэмцэхээр гарч ирсэн Ерөнхий сайд авлигын өмнө бууж өгч байх шиг байна. Хэн нэгэн ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Ерөнхий сайд авлигын процесстой тэмцсэнээс угшилтай нь тэмцсэнгүй. Тийм учраас Ардчилсан нам авлигын уг суурьтай нь тэмцэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан.

МАН-ыг засаглаж байх үед манай улс авлигын индексээр 50 байр ухарлаа. Авлигад идэгдсэн 10 орны нэгээр нэрлэгдлээ. Гэтэл өнөөгийн Засгийн газрын тэргүүнийг авлигатай хамгийн сайн тэмцсэн Ерөнхий сайд гэсэн суртал ухуулга хэвлэлээр явж байна. Иргэдийн амьжиргаа дээшилсэн гэж Эдийн засгийн хөгжлийн сайд нь мэдээлж байна. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн 90 хувь нь биелсэн гэж мэдээллээ.

МАН ялахгүй бол шоронд орох Ж.Эрдэнэбат Ардын нам ялах ёстой гэсэн уриалгыг дэвшүүлж эхэллээ. Нэг хүнд ногдох ДНБ-ийг 10.000 ам.долларт хүргэнэ гэсэн амлалтаа Ерөнхий нарийн бичгийн дарга нь сонгуулийн хуулиа зөрчин амлаж байна. Ийм маягаар сонгуульд оролцож болохгүй. Төрийн эрх барьж буй давуу байдлаа ашиглан сонгуулийн хууль зөрчихгүй байхыг МАН-аас шаардаж байна.

Сонгууль бүрээр С.Зоригийн аллагын хэргийг гаргаж ашиг хонжоо олдог ах нар байдаг байсан. Харамсалтай, МАН-ын дарга үүнийг залгамжилж хэвлэлээр С.Зоригийн хэргийн тухай ярьж байна. Энэ хүнийг тайван байлгаач. Хэргийг нь илрүүлж чадвал хэрэгтэнг нь шүүхийн өмнө авчир. Үүнийг шаардаж байна. Харин энэ хүний нэрийг барьж, улс төрийн ашиг хонжоо олохыг эсэргүүцэж байна. Энэ хүнийг тайван байлга гэж МАН-ынханд хэлье.

АН-ын дэд дарга Ж.Баярмаа:

Ардчилсан нам ъ | News.MN

-МАН хоёр сонгууль дарааллан үнэмлэхүй ялалт байгуулсан. Ялалт байгуулахад нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс бий. Зүй нь мөрийн хөтөлбөрөөрөө уралдаж, сонгогчдын саналыг авах ёстой. Харамсалтай нь, МАН тийм зүйлийг хийхээс илүүтэй мөрийн хөтөлбөрийг нь уншиж судладаггүй байх магадлалтай хүмүүсийн саналыг худалдан авах замаар сонгуульд ялж ирсэн. Мөрийн хөтөлбөрийг нь уншиж танилцан саналаа өгдөг иргэдийг өнөөдрийг хүртэл хуурч ирсэн байна. Бүтэн хоёр сонгууль дарааллан хэзээ ч биелэгдэхгүй амлалтыг өгчээ.

Эсвэл реклам сурталчилгаа цацаж сонгогчдын саналыг авчихаад түүнийгээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө огт тусгалгүй орхигдуулсан амлалтууд бас байна. Оруулсан ч огт хэрэгжүүлээгүй амлалт ч байна. Дүр эсгэсэн шинжтэй шав тавьсан амлалт ч байх. Гэтэл үүнийгээ хэрэгжилт 70 хувьтай гэж албан ёсоор дүгнэлээ. Үүгээр зогсохгүй Ч.Хүрэлбаатар сайд амьдралын чанар дундаж анги 90 хувьтай гарлаа гэж мэдээлж байна.  Амьдралын чанар 90 хувьд хүрсэн юм бол сонгогчдын 90 хувь өлсөж, цангахгүй таатай амьдарч байх ёстой. Гэтэл бодит байдал ямар байна вэ. Ингээд ярьвал асар их зүйлс байна. АН-аас мөрийн хөтөлбөрийн биелэлтэд дүн шинжилгээ хийж байгаа. Би энд жишээ болгож огт биелээгүй зарим амлалтаас нь дурьдая.

“Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна” гэж амласан байна. Гэтэл өнөөдөр ард түмний орлого хоёр дахин нэмэгдэх байтугай албан ёсны нэршлээр “ул” гэж нэрлэгддэг ангилал руу шилжсэн байгаа.

2016 оноос хойшхи үнийн өсөлтийн жагсаалтад сүү гэхэд л 198 хувиар нэмэгдсэн. Гэтэл манайх ХАА-н улс. Өндөг, талх ч ямар өндөр үнээр нэмэгдсэнийг та бүхэн мэднэ. Эсрэгээр иргэдийн цалин дунджаар 15 хувь нэмэгдсэн. Ийм зөрүүтэй байхад амьдралын чанар сайжирсан хэрэг үү. Энэ амлалт огт биелээгүй. Өрийн дарамтыг бууруулна гэж амлажээ. Ардчилсан намын үед нэг хүнд ногдох өр 15 сая байсан бол өнөөдөр 34 саяд хүрсэн. Өрийн дарамтаас гарах нь бүү хэл бүхэлдээ автсан байна. Өөр нэг амлалт нь, зээлийн хүүг буруулж сарын нэг хувиас хэтрүүлэхгүй гэжээ.

Гэтэл өнөөдөр энэ биелсэн билүү. Огт биелээгүй шүү дээ. Арилжааны банкны дундаж зээлийн хүү 17 хувьтай байна. Хадгаламж зээлийн хоршоо, банк бус, ломбардных бүр 20 гарчихсан. Энэ амлалт нь ч биелээгүй. Цаашлаад 100 мянган ажлын байр шинээр бий болгоно гэжээ. Гэтэл нэг ч ажлын байр нэмэгдсэнгүй. ХНХ-ын сайд Х.Булгантуяа 18-65 насныхны 67 орчим хувь нь болж өгвөл гадагшаа явмаар байна гэсэн тухай өөрийн амаар хэлсэн. Энэ бол эдгээр насныханд ажлын байр огт байхгүй байна гэсэн үг.

Агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна гэж амлажээ. Гэтэл эсрэгээр шахмал түлш ашигладаг болсноос хойш 70-80 хувь нэмэгдсэн. Улаанбаатар тэрчигтээ утаанбаатар болсон. 2023 онд утаанд хордсон хүний тоо 2500-д хүрсэн байна. Хамгийн сүүлийн тоогоор арваннэг, арванхоёрдугаар сард нас барсан хүний тоо 100 гарсан. Тав хүртэлх хүүхдийн өвчлөл асар ихээр нэмэгдсэн.

Мега төслүүдийнх нь тухай амлалтаас хэрэгжсэн нь нэг ч байхгүй. Зөвхөн захаас нь дурдахад л ийм байна. Яаж дүгнэхээрээ амьдралын чанарыг 90 хувь гэж дүгнэв. Энэ бол ард түмнийг доромжилж буй хэлбэр. Ардчилсан намын өнөөгийн дүгнэлтээр МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 20-30 хувьтай гарч байна.

Үүнээс гадна дүүрэг, аймаг бүрд маш олон зүйлийг амласан. Үүнийг аймаг аймгаар нь гаргаж байгаа. Удахгүй нарийвчилсан судалгааны дүнг гаргана. МАН найман жилийн хугацаанд нэг хүнд ногдох ДНБ-ийг 4000 ам.доллараас хэтрүүлж үзээгүй. Гэтэл дөрвөн жилийн дотор 10 мянган ам.долларт хүргэх юм гэнэ. МАН худал амлаж сонгогчдыг хуурч байна. Цаашдаа ч хуурсаар байх нь. Цаашид дэлгэрэнгүй мэдээллийг илүү тодруулж мэдээлэх болно.