ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

O.Admin
2024-04-01

Прокурорын байгууллага гуравдугаар сарын 25-29-ний хооронд 268 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. 

Тодруулбал

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 128
  • Өмчлөх эрхийн эсрэг 95
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 32
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 11
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг долоо
  • Хүний амьд явах эрхийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэг тус бүр гурав
  • Авлига, албан тушаалын болон нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр хоёр

Мөн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг, кибер аюулгүй байдлын эсрэг тус бүр нэг хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнууд болох Д.Б нарын 14 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн нэг (Хууль бусаар газар орны нэр өөрчлөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

19.16 дугаар зүйл. Хууль бусаар газар орны нэр өөрчлөх

1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн бол 450,000-14,000,000 (дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх) хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор хуурч мэхлэн, эмзэг байдлыг нь далимдуулж дөрвөн иргэнийг Тайланд Улс руу явуулж, Монгол Улсын хилээр нэвтрүүлж худалдаалсан Б.Б, Э.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2 (Хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Иргэн М.Ч-ын цахим орчинд байршуулсан хувийн мэдээллийг ашиглан гэрийн хаягаар нь очиж, өөрийгөө цагдаагийн байгууллагын ажилтан гэж хуурч мэхлэн дансны мэдээлэл, иргэний үнэмлэх, банкны карт, гар утас зэргийг нь хураан авч, дансанд нь байсан 63,200,000 төгрөгийг шилжүүлж авсан Д.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 (Залилах), 18.6 дугаар зүйлийн нэг (Мөнгө угаах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Тээврийн прокурорын газраас Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.И нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн гурав (Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.