ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шар усанд автсан 12 айлыг нүүлгэн шилжүүлжээ

O.Admin
2024-04-03

Цаг агаар дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн дуудлага, мэдээлэл нэмэгдэж буй. Өнгөрсөн хугацаанд шар усанд автсан нийт 102 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу найман байгууллагын давхардсан тоогоор 490 алба хаагч, 132 автомашин механизм, 36 мотопомптой ажиллаж 9406 тонн ус соруулан, 5604 метр суваг татаад байна. Мөн гурван гүүрний сувагчлал гаргаж, 155 тонн мөс, 3 тонн лаг шавар зөөвөрлөн, 35 метр ус зайлуулах шугам хоолой онгойлгож, 3570 метр шороон далан босгосон. Энэ хүрээнд 310 айл, таван аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангаж, 12 айл өрхийг нүүлгэн шилжүүлээд байна.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар шар усны долоон дуудлага, мэдээлэл ирж, холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллав. Тодруулбал,

  • Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3-р хэсэгт айлын хашаа усанд автсан дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан 7 тонн ус,
  • Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн алба хаагчид ажиллан 800 тонн ус,
  • Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа орчимд айлуудад шар ус орсон дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан, 37 тонн ус,
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар байрны урд хэсэгт шар ус тогтож, иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан 22 тонн ус,
  • Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, “Хилчин” хотхоны хойно айлын хашаанаас тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 4 тонн ус,
  • Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 71 дүгээр байрны урд ГУББГ-аас албан хаагчид 36 тонн ус тус тус соруулсан.

Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны арын гудамжинд далан хальж, айлын хашаанд ус орсон гэх дуудлага, мэдээллийн дагуу ГУББГ-аас үзлэг шалгалт хийж, зөвлөгөө өгөөд байна.