Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Францын “Пома” групптэй хамтран дүүжин тээвэр барих бэлтгэл ажил эхэлсэн билээ.
Тэгвэл маргааш 11:40-13:40 цагт Арцатын ам, Порше Центрийн зүүн талд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй дүүжин тээвэр нэвтрүүлэх төслийн шав тавих аж. Дүүжин тээвэр ашиглалтад орсноор Яармаг-Хархорин зах чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтойг тус группийн төслийн дэд менежер Лео Фридрих мэдээлэв.
Энэ талаар тэрбээр “Манай компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 80 жил болсон туршлагатай. Сүүлийн 20 жилд нь хүн тээвэрлэж эхэлсэн. Африк, Ази болон Европ тивд үйл ажиллагаагаа явуулж байна. Хот төлөвлөлт болон бусад тээврийн хэрэгсэл ашиглахад бэрхшээлтэй үед зориулагдсан гэж хэлж болно. Монголын нөхцөлд дүүжин тээврийн үйлчилгээг тохиромжтой гэж үзэж байна. Хүйтэн цаг агаартай, мөн уулархаг бүс нутагтай учраас давуу тал юм. Бид өмнө нь хүн амын төвлөрөлт ихтэй хотуудад дүүжин тээврээ ашиглаж байсан тул Улаанбаатар хотод хийсэн судалгааны дагуу ашиглах боломжтой гэж үзэж буй.
Бүхээг 10 зорчигчийн багтаамжтай бөгөөд нэг чиглэлд 2300 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцож байна. Өдөрт 15 цагаар тээвэрт явна. Жилийн 365 хоногийн 360-д нь хүн тээвэрлэх боломжтой. Ган татлагатай, өвөлдөө суудал нь халдаг тул бүхээг дотроо аль ч улиралд дулаан байх юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой гэдгээрээ давуу талтай. Манай улсад үйл ажиллагаа явуулах "Пома" групп нь эвдрэл гэмтэл, аюулгүй байдлаа өөрсдөө хариуцана” хэмээн ярилаа.