Цагдаагийн дөрвөн алба хаагч 13 настай охиныг бүлэглэн хүчирхийлсэн гэх хэргийн талаар urug.mn сайт анхлан олон нийтэд мэдээлсэн билээ. Тэгвэл уг асуудлаар ЦЕГ-аас албан ёсоор мэдээлэл хийж байна.
Тус газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Н.Мишигдорж мэдээлэл өгөхдөө “Манай алба нь хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг гэдгийг та бүхэн ойлгох ёстой. Манай Дотоод хяналт, аюулгүй байдлын албанаас цагдаагийн дөрвөн албан хаагч насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй гэдэг хэргийг өөрсдөө илрүүлж, холбогдох албаны шалгалт явуулж, гэмт хэргийн шинжтэй байж магадгүй хэмээн харьяаллын дагуу шилжүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Дээрх дөрвөн алба хаагчийг албанаас нь чөлөөлсөн байгаа. Цагдаагийн байгууллага алба хаагчдаа үнэнч шударгаар шалгаж чадах уу гэж асууж байна лээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг бүрэн илрүүлж, гэм буруутай этгээдэд ялыг шударгаар оноох, гэм буруугүй бол ял тооцохгүй байх гэсэн зарчмаа л барьж ажиллана. Алба хаагчид гэм буруутай байвал бид огтхон ч хамгаалж, өмгөөлөхгүй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4.11-д эмзэг мэдээлэл гэж тусгасан. Тиймээс нийтэд энэ талаар мэдээлэл гаргахгүй. Цагдаагийн алба хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх сургалт байнга явдаг” гэлээ.
Өөрөөр хэлбэл, хохирогч, холбогдогч нарын мэдээллийг олон нийтэд өгөхгүй бөгөөд Мөрдөн шалгах ажиллагааны нууцын тухай хуулиар энэхүү эмзэг мэдээллийг нууцална гэлээ. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд ч Хүний эрхийн комиссоос гаргасан журамтай танилцаж, энэ төрлийн мэдээллийг цензуртэй түгээж, мэдрэмжтэй хандана уу хэмээн уриалав.