Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн нийтийн тээврээр зорчих урсгалыг нэмэгдүүлэх төслийн хоёр дахь шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд талын зогсоолоос “Шангрила” төвийн баруун хойд тал, хуучнаар Д.Нацагдоржийн хөшөө байсан байршил хүртэл 2.7 км урттай байхаар төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ шугам нийт найман тулгуур баганатай байх тооцоолол гарсан. Хоёрдугаар шугамын нөлөөллийн бүсэд цахилгаан дамжуулах агаарын шугамын хэд хэдэн бетон шон өртөж байгаа. Түүнийг шилжүүлэх асуудлаар холбогдох албаныхантай зөвшилцөнө. Ингэж чадвал бүтээн байгуулалтын өртөг буурах юм. Бид дүүжин тээврийн шинэ шугамтай холбоотойгоор цаашид нийтийн тээврийн төрлүүдийн холболтыг сайжруулахаар төлөвлөж байна” гэв.
Түүнчлэн нийтийн тээврийн төрлүүдийн холболтыг сайжруулах, иргэд дүүжин тээврийн зогсоол, автобусны буудал, цаашлаад метроны зогсоол хооронд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд зарим байршилд явган хүн зорчих боломжтой газар доогуурх далд гудамж бий болгох төслийг боловсруулж байгааг Хотын дарга онцоллоо.
Уг шугамын нийт урт 2.7 км байх бөгөөд нэгдүгээр шугамаас том бүхээгтэй хийхээр төлөвлөж байгаа аж. Тодруулбал, шинэ шугам ашиглалтад орсноор цагт нэг талдаа 3400, хоёр талдаа цагт 6400 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм.