ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Лхагвадорж: С.Зориг агсаны хөшөөг зарах эрх Ардчилсан намд байхгүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-04-11

Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаараа цаг үеийн дараах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Хэвлэлийн эрх чөлөөгөөр Монгол Улс 20 байр ухарлаа

- Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль байгаа. Энэ хууль хэвлэл мэдээллийн салбарынханд үйлчлэх ёстой. Харамсалтай нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг засаж залруулах талаар 11 төсөл боловсруулсан ч УИХ-ын босгыг давж чадаагүй. 

Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг боомилсон янз бүрийн хуулиуд байдаг. Ганцхан жишээ дурдахад, Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль батлагдсан. Энэ хуульд зөвхөн 67 төрлийн мэдээлэл нь нээлттэй, 500 нь хязгаарлагдмал байгаа. Эрэн сурвалжлах сэтгүүлзүй Монголд хөгжихөд ямар нөхцөл байдалтай байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Өнөөдөр ямар нэг Төрийн байгууллагаас шаардлагатай мэдээлэл авъя гэхэд хаалттай. Зөвхөн өөрсдийн хүссэн мэдээллээ олон нийтэд нээлттэй байлгадаг.

Ямар нэг нийтлэл бичсэнийх нь төлөө тухайн сайтыг төр засгаас шууд хааж боож байгаа асуудал гарч байна. Би нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч. Гэхдээ хэвлэл мэдээллийн салбарт 30 гаруй жил ажилласан хүний хувьд хэвлэл мэдээллийн салбарын хаалттай байдлыг нээлттэй болгох нэн шаардлага байна. 2023 оны олон улсын индексээр Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 20 байр ухарч, хэвлэл мэдээллийн хагас хаалттай улс болсон. Бид даруй 90-т жагсаж байна.

Хэвлэл мэдээллийн хагас хаалттай улсаас бүтэн хаалттай улс болоход ойрхон байна. Иймд хэвлэлийн салбарынхан өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, ажиллах нөхцлийг хангахыг эрх барьж буй намаас шаардаж байна. Нэг нам удаан засагласан энэ үед Ардчилал гэдэг үг эмзэг болсон. Энэ үгтэй хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хайрлах цаг болжээ. Хэвлэлийн эрх чөлөөг Ардчилсан нам хамгаалж ирсэн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд боомилогдмол, хязгаарлагдмал, хяналт тавьсан байдалтай байгаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өвөг дээдсээ цагаатгах хүсэлтээ хэзээ ч хамаагүй өгөх  боломжтой боллоо

76: УИХ-ын гишүүн С.Одонтуяа | Zaag.MN

-Дөнгөж сая УИХ-ын чуулганаар улс төрийн хилс хэрэгт холбогдогчдыг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ хуулийг миний бие болон Ардчилсан намын бүлгийн гишүүд хамтарч өргөн барьсан.

Монгол Улсын Үндсэн хуульд ямар нэг байдлаар алагчлахгүйгээр хугацаанд шахагдахгүйгээр өөрийн эрхээ хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл цагаатгуулах өргөдлөө өгөөгүй иргэдийг цагаатгахгүй гэсэн хууль байсан. Өнөөдрийн нэмэлт өөрчлөлтөөр хугацаагүй болгосон. Нийтийг хамарсан хэлмэгдүүлэлт маш олон жилийн дараа илэрдэг. Тийм учраас хэлмэгдэгсдийн ар гэр хэзээ ч нотлох баримтаа гаргаж ирээд өвөг дээдсийнхээ нэр төрийг сэргээх, цагаатгах боломжтой боллоо. Өнөөдөр энэ баярт мэдээг хуваалцаж байгаадаа баяртай байна.

АН-ын ҮБХ-ны Тамгын газрын дэд дарга С.Батзаяа: МАН-ын баримт бичигт бусад намууд мөрийн хөтөлбөрөө нийцүүлэх болчихлоо

С.Батзаяа: Бид УИХ-ын үйл ажиллагаа, түүнээс гарсан шийдвэрийг олон нийтэд  мэдээлсээр байх болно

- Өчигдөр Үндэсний Аудитын газраас улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг буцаасан. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр 900 заалттай байсан. Энэ нь амлалт гэхээсээ илүү ажлын төлөвлөгөө бөгөөд үүнийг боловсруулахын тулд Лу.Гантөмөр намын даргаар сонгогдсоноо хойш намын бүрэлдэхүүний хамт Монгол Улсаа долоон удаа тойрохдоо гишүүд, дэмжигчдээсээ санал авч байсан. Түүнчлэн, мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд 36 ТББ-аас санал авсан байдаг. Маш их хөдөлмөр, судалгаа хийсний үндсэн дээр бүтсэн мөрийн хөтөлбөр байсан. Гэтэл мөрийн хөтөлбөрийн 6.4 хувь буюу 60 заалтыг буцаасан байна. Тэгэхээр 94 заалтыг бид хэвээр үлдээнэ гэсэн үг. 6.4 хувийг ямар шалтгаанаар буцаасан бэ гэвэл “Алсын хараа 20/50” гэдэг баримт бичигт нийцүүл гэсэн шаардлага тавьсан.

Алсын хараа 20/50 бол МАН-ын урт хугацааны баримт бичиг, батласан мөрийн хөтөлбөр нь. Үүнийг 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр УИХ-ын тогтоолоор урт хугацааны хөгжлийн бодлого гэж батласан байгаа. Бидний эрс эсэргүүцэх ёстой нэг зүйл байна. Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш улс төрийн сонгуулийг өнгөрсөн хугацаанд явуулж ирэхдээ ижил гараанаас, ижил төвшнөөс гарах ёстой гэсэн зарчмыг баримталж ирсэн. Гэтэл нэг намын боловсруулсан баримт бичигт мөрийн хөтөлбөрөө нийцүүл гэж байгаа нь улс төрийн этикгүй, байж боломгүй зүйл гэж үзэж байна.

МАН зүүнийх, Ардчилсан нам бол баруун, төвийн үзэл баримтлалтай нам. Зүүний намын боловсруулсан баримт бичигт бусад үзэл баримтлалтай намууд мөрийн хөтөлбөрөө нийцүүлэх болчихлоо. Үүнийг хуульчилж, шалтгаан болгон тайлбарлаж байна. Ардчилсан намын төлөвлөгөөнд эдийн засгийг сайжруулахтай, нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой төрийг цомхон болгох, төсвийн мөнгийг үрэлгэн үрж байгаа байдлыг зогсоохтой холбоотой заалтууд ихэнх нь байгаа.

Ганцхан жишээ дурьдая. Онцгой байдлын салбарт төсөв дутаагүй. Гадны хандив тусламж дутаагүй. Гагцхүү үрэлгэн байдал ноёлсон байгаа. Нийгмийн сүлжээнд клип хийгээд зогсож буй зургийг нь харсан байх. Гэтэл тэнд албан хаагч нас барахад, араас нь ар гэрт нь байр өгнө гээд яриад байж байх жишээний. Зөвхөн онцгой байдлын салбарт гэхэд тэнд ажиллаж буй албан хаагчдын, ар гэрийн амьдрал найдвартай байх, цалин хөлс нь хангалттай байх, ажлын нөхцөл нь амийг нь хамгаалдаг байх гурван заалтыг оруулсан. Гэтэл тэр гурван заалтыг улсын төсвийн хөрөнгийг тарааж байна, иргэдэд үнэ төлбөргүй амлалт өгч байна, мөнгө эд хөрөнгө тараахтай холбоотой амлалт өгч байна гэх шалтгаанаар буцаалаа.

Ипотекийн зээлийн хүү өндөр, хугацаа урт байгааг та бүхэн мэдэж байгаа. Залуус, төрийн албан хаагчид ипотекийн зээл дээр маш дарамттай байгаа. Төлөлтийн хугацааг уртасгаж болно. Гэтэл энэ заалтыг дээрхийн адил буцаасан. Ардчилсан нам Засгийн эрхийг барих зайлшгүй шаардлага үүсчээ. Өдөр тутамдаа эрх баригч нам хийж буй үйл ажиллагаагаараа үүнийг харуулж байна. Бид хэрэв Засгийн эрхийг авбал МАН-ын Алсын хараа 20/50 баримт бичигт бусад намын мөрийн хөтөлбөрийг нийцүүлдэг байдлыг хална. Бид энэ байдалд Үндэсний Аудитын газрыг буруутгахгүй.

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж: С.Зориг агсаны хөшөө бол Ардчилсан намын өмч биш

Н.Лхагвадорж: 200 мянган айлын орон сууц барих хэмжээний мөнгийг ковидын  үед юунд зарцуулснаа тайлагна | iSee.mn

-Ардчилсан намын байр, С.Зориг агсаны хөшөөтэй холбоотой 12 жилийн өмнөх асуудлыг өнөөдөр мэтээр худал мэдээлэн улс төр хийж байгаа нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг увайгүй үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Х.Нямбаатар дарга маань хаваршаа юу даа. Сэтгэлээр унаа юу даа.  Иргэдээ “Хэмжээндээ байгаарай” гэж дарамталдаг Х.Нямбаатар даргаа эрүүл мэндийн байгууллагад хандах цаг чинь болсон гэж хувиасаа зөвлөгөө өгмөөр байна. С.Зориг агсаны хөшөө бол Ардчилсан намын өмч биш. Зориг сан, ард түмний өмч шүү гэдгийг онцолж хэлмээр байна. С.Зориг агсаны хөшөөг зарах эрх Ардчилсан намд байхгүй. Зарах дээрээ тулсан бол хамгийн түрүүнд үгүй шүү. Монгол Улсын төлөө зүрх нь цохилж буй иргэн бүр хамгаалж авч үлдэнэ гэдгийг сануулж хэлье.

Хоёрдугаарт, С.Зориг агсаны хөшөө байрлаж байгаа Ардчилсан намын байрны өмнөх талбай бол нийслэлийн өмчийн байршил. Энэ өмчийн газрыг Х.Нямбаатар таны удирдаж байгаа нийслэлийн ЗДТГ-ын Газрын албаны хүмүүс сайн мэдэж байгаа. Ардчилсан нам тэр газрыг худалддаггүй юм. Нийслэл, нийтийн өмчийн газар хэний өмч вэ гэдгийг тодорхой мэдэж байгаа. Та хоосон улстөржилт хийж байна уу, эсвэл хаваршаад эрүүл мэндийн асуудалтай болов уу гэдгийг гайхаж байна. Гуравдугаарт, 1990 оны ардчилсан хувьсгалыг авчирсан дөрвөн том холбоодын гуравт нь тэр үед улсаас байр олгосон байдаг юм.

Тэр хоёр давхар цэнхэр байр Шинэ дэвшилт холбооных. Бид сар бүр түрээсээ төлөн тэрхүү байранд өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байна. Шинэ Дэвшилт холбооноос одоогоос 12 жилийн өмнө Зориг санд энэхүү байраа өөрчилж, сайжруулья гэсэн хүсэлт өгсөн эртний үеийн мэдээг өнөөдөр мэт түгээж иргэдийн сэтгэлзүйгээр тоглож байвал МАН-ын хамгийн их хүсэхгүй байгаа, харин ардчиллынхны зүрхэнд хайрладаг С.Зориг агсны нэрээр улс төр хийж буй байдал чинь ард түмний бухимдлыг төрүүлж, эрх баригчдын эсрэг хөдөлгөөнд хүргэх вий дээ.