Эмийн өнөөдрийн үдээс өмнөх сонсголоор шинжээчид "Энэрэл" сургуультай холбоотой ноцтой баримтуудыг дэлгэлээ.
Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн жилд манай улсын их, дээд сургуулиудад эм зүйн мэргэжлээр дипломын ба бакалаврын түвшний сургалтад суралцагчдын тоо өмнөх хичээлийн жилээс 2188-аар буурч 3175 болсон атал “Энэрэл” сургуульд суралцагчдын тоо анхаарал татахуйц нэмэгдэж 799 болжээ.
Үүнийг 2022-2023 оны хичээлийн жилд суралцагчтай харьцуулахад 526-аар өссөн байх бөгөөд энэ жил эм зүйч, эм найруулагчийн ангийг 205 оюутан төгсөх гэж байна.
Эрүүл мэндийн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулиудыг 2018-2023 онд Эм зүйч мэргэжил эзэмшсэн 2881 хүн төгссөнөөс Энэрэл дээд сургуулийг ойрын 4 жилд 310 мэргэжилтэн төгссөн атлаа 2022 оноос хойш тус сургууль Эм зүйч хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлээгүй сургалт явуулсаар байна.
“Энэрэл” дээд сургуульд 2020-2024 онд эм зүйн ангид 1252 оюутан элссэнээс орон нутгаас 596 оюутан элссэн бөгөөд ЭЕШ өгсөн элсэгч ердөө 11 байсан нь голдуу дээд боловсролтой иргэд элсдэг болохыг харуулж байна. Түүнчлэн, бүх сургалтаа онлайнаар явуулсан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Эм зүйч бэлтгэх сургалтын MNS 5353-126;2012 стандартыг зөрчжээ. Үүнээс гадна эм зүйн дээд, дунд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд шаардагдах сургалтын орчингүй зөрчил илэрчээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
- Танай сургуульд онлайнаар сурч буй эмч, эм зүйч нар Монгол Улсад ажиллах нөхцөл боломжоор бүрэн хангагдаж чадсан гэж байна уу.
“Энэрэл” сургуулийн гүйцэтгэх захирал Д.Найгалмаа:
-Манай сургууль таван жилийн хугацаанд эм зүйч мэргэжлийн хүний нөөц бэлтгэж байна. Энэ хугацаанд орон нутгийн захиалгаар ихэвчлэн бэлтгэж байна. Орон нутгийн эм зүйн салбар хороодтой хамтарч ажиллаж байна. Орон нутагт ажиллаж буй эмч, эм найруулагч нар хос мэргэжил эзэмших сонирхол өндөр болсон тул элсүүлэн авч төгсгөж байгаа. Хүний их эмч 33, сувилагч ес, эм найруулагч 21 хувьтай байна. Ер нь бол 80-90 хувь нь эрүүл мэндийн суурь мэргэжилтэй магистр, доктортой элсэгч нар хандсан байдаг. Өөрсдийн ажлын цаг заваа зохицуулж, хуулийн заалтын дагуу цахим сургалт явуулсан. Манайх эчнээ сургалт явуулдаггүй. Нэг хичээлийн жилийн турш сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулаад зургаадугаар сард лицензийн шалгалтад оруулж төгсгөдөг. Манай сургууль 90-98 хувьтай лицензийн шалгалтыг өгдөг. Миний хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу сурдаг. Эмийн зах зээлд ажиллаад байдаггүй. Оюутны мөшгих судалгаагаар тэр бол гарч ирдэг. Жил бүр төгсөгчдийн судалгааг авч ажилладаг. Эмийн компани байгуулаад явсан хүн байхгүй. Эмч атлаа эмзүйчээр сурсан хүмүүс эмийн компанид илүүтэй ажилладаг юм билээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Энэрэл сургуулийг төгссөн эм зүйч нарын тоо сонирхол татахуйц огцом өссөн, ихэвчлэн их, дээд сургууль төгссөн хүмүүс сурч байна гэсэн дүгнэлт танилцуулсан. Нөгөө талаар эмийн сангийн тоо 2867 болж өсөхөд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмийн сангийн зөвшөөрөл олгодог болсон нь нөлөөлсөн гэж тайлбарлаж байсан. Гэтэл “Энэрэл” сургууль аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын захиалгын дагуу сургадаг гэсөн шүү дээ. Энэ хоёрын хоорондын уялдаа холбоог нотлох баримтаар тайлбарлаж өгнө үү?
Шинжээч:
-Сургуулийн захирал орон нутгаас захиалга авч мэргэжилтэн бэлтгэдэг гэж ярьж байна. Бидэнд ийм захиалгаар элсүүлж авсан гэх нотлох баримт ирээгүй.
Элсэгч болон төгсөгчдийн материалыг үзэхэд уялдаатай зүйл гарч ирээгүй. Жишээ нь, малын эмч, сувилагч, бага эмч нар эм зүйч болж байгаа маш олон тохиолдол байсан. Зарим газрын Эрүүл мэндийн газрын дарга нар тус сургуулийн эм зүйчийн ангийг төгссөн байх жишээтэй. Орон нутгийн захиалга гэж хэлдэг юм байлгүй. Нөгөө талаар, Энэрэл сургуулийн онлайн ангид сурагцагчдын тоо сүүлийн жилүүдэд эрс өссөн. Эм зүйн мэргэжлээр суралцагчдын тоо болон эмийн сангийн тооны өсөлт хоорондоо уялдаатай харагдаж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Энэрэл сургуулийг олон мянган оюутан төгссөн хэрнээ эм зүйчийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрөө одоо болтол магадлан итгэмжлүүлээгүй байна. Энэ хууль зөрчсөн асуудал мөн үү?
Энэрэл сургуулийн гүйцэтгэх захирал Д.Найгалмаа:
-Манай сургууль гурван жилийн өмнөөс олон тооны сургалт, судалгааны ажлыг хийж эм зүйч болон эм найруулагчийн хөтөлбөрийг зөөлөн ур чадварын сургалттай уялдуулж гурван жилийн туршид ажилласны үр дүнд энэ хичээлийн жилд буюу аравдугаар сард магадлуулахаар хүсэлтээ өгсөн. Сургалтын танхим шинжээч нарыг очиход үнэхээр ийм байсан. Бүх танхимыг шинэчилж байсан. Ялангуяа эм зүй, эм найруулагчийн хөтөлбөрийн танхимыг зөөлөн ур чадварт тулгуурласан орчныг бүрдүүлэхийн тулд БНХАУ руу тоног төхөөрөмж, сургалтын хэрэгслийг захиалсан байсан. Шинэчилж байх үед таарсан. Одоо манай сургууль эм зүйн бүрэн тоноглогдсон 7-8 эм зүйн лабораторийг хийсэн. Саяхан сувилахуйн сургуулиа магадланд оруулсан. Үргэлжлүүлээд эм зүйч, эм найруулагчийн зөөлөн ур чадварт суурилсан хөтөлбөрөө магадлуулахаар ажиллаж байгаа.