ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Увс, Ховдыг зорих “царцааны нүүдэл” эрс нэмэгджээ

O.Admin
2024-04-17

УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сард болно. УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний шилжилт хөдөлгөөний зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс түр зогсоох юм.

Тэгвэл энэ сарын эхний 10 хоногийн байдлаар Ховд, Увс аймаг руу шилжих иргэдийн тоо бусад аймгуудын шилжих хөдөлгөөнөөс анхаарал татахуйцаар нэмэгджээ.

Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Ж.Нарантуяа “Сонгуулийн жилтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын эхний 10 хоногийн тоон мэдээгээр Увс, Ховд, Дархан-Уул, Орхон, Төв гэсэн таван аймаг руу  иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл эрс нэмэгдэх хандлагатай байгаа” хэмээн ярилаа.

УИХ-ын хоёрдугаар  тойрог буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймаг нь  10 мандаттай бөгөөд мөнгөтэй томчууд, олигархиудын “зодоон” өрнөх нь нэгэнт тодорхой юм. Иймд хэр их мөнгө цацаж,  хэдэн царцаа нүүлгэж чадахаараа “өрсөлдөнө” гэсэн үг.  Энэ тойрогт Зам тээврийн сайд С.Бямбацогт, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар,  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  нар горилох нь тодорхой болсон.

УИХ-д дахин сонгогдох нүүргүй болсон ч сурсан дассан зангаараа "царцаа" нүүлгэж, айлын хашаа хороохон янзлах зэргээр оноо авахаар зэхэж буй Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дүүгийнхээ компанийн чамгүй олон ажилчдыг дөрвөн аймаг руу нүүлгэсэн гэх мэдээлэл ч цахим орчинд цацагдаад удаж байна.