ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хоёр жилийн хугацаанд есөн хүн төмөр замтай холбоотой ослоор амиа алджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-21

Төмөр замын салбарт дахиад л осол гарлаа. Жил бүр олон хүний амийг авч оддог, эс бөгөөс ажлын байрны аюулгүйн дүрмээ баримтлаагүйгээс ажилтнууд нь тахир дутуу болж, эсвэл амиа алддаг ч даргын буруу биш харин ажилтны буруу болоод өнгөрдөг хэрээс хэтэрсэн завхрал энэ салбарт нүүрлэжээ. Төмөр замын салбар 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгож зарласнаа оны дараахан сүр дуулиантай мэдэгдэж байв. Гэвч 2018 он гарснаас хойш хоёр ч удаагийн том хэмжээний осол гарч, хоёр ажилтан амиа алдаж, мөн тооны ажилтан түлэгджээ. Зөвхөн үйлдвэрийн осол гэсэн үг.

Төмөр замын салбарт дахиад л осол гарлаа. Жил бүр олон хүний амийг авч оддог, эс бөгөөс ажлын байрны аюулгүйн дүрмээ баримтлаагүйгээс ажилтнууд нь тахир дутуу болж, эсвэл амиа алддаг ч даргын буруу биш харин ажилтны буруу болоод өнгөрдөг хэрээс хэтэрсэн завхрал энэ салбарт нүүрлэжээ. Төмөр замын салбар 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгож зарласнаа оны дараахан сүр дуулиантай мэдэгдэж байв. Гэвч 2018 он гарснаас хойш хоёр ч удаагийн том хэмжээний осол гарч, хоёр ажилтан амиа алдаж, мөн тооны ажилтан түлэгджээ. Зөвхөн үйлдвэрийн осол гэсэн үг.

Харин 2017 онд төмөр замын салбарт нийт 28 осол гарч, эндээс үйлдвэрлэлийн осол 13 бүртгэгдэж байсан гэх тоон мэдээ байх юм. Мөн л хоёр ажилчин нас барж, 10 гаруй ажилтан нь хөдөлмөрийн чадвараа алдсан гэх. Энэ бол зөвхөн төмөр замын салбарт ажиллаж буй ажилчидтай холбоотой осол. Нөгөө талд энгийн иргэд төмөр замд дайруулж амиа алдсан гэмт хэргийн тоо замаа алдлаа. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямааг ажлаа авснаас хойш буюу 2016 оноос хойш нас барсан хүний тоо ч замаа алдав. 2017 оны эхний 10 хоногт гэхэд л нас барсан хүний тоо тав болж байлаа. Хэргийг нь Төмөр замын цагдаагийн газар шалгадаг ч нас барсан иргэний буруу, чихэвч зүүсэн гэх мэтээр дараад өнгөрдөг нь нууц биш. Хамгийн сүүлд буюу энэ сарын 18-нд том оврын машинтай вагон мөргөлдсөн осол гарлаа. Төмөр замын салбарт гарч буй ослыг “онцгой тооцот гологдол”, “үйлдвэрлэлийн осол”, “иргэдтэй холбогдох аваар осол” гэж ялгаж салгадаг юм билээ. Энд зөвхөн сүүлийн хоёрыг, мөн хэвлэлээр ил болсныг бичлээ. Харин вагон замаас гарах, хоорондоо мөргөлдөх, вагон салгасан зэрэг “онцгой тооцот гологдол” буюу төмөр зам дотроо нуугаад өнгөрдөг зөрчил бүрийг энд бичнэ гэвэл барагдахгүй. Тэр болгонд энэ салбарт мөнгө урсаж байдаг. Төмөр замын салбарт сахилга хариуцлагагүй байдал бий болсныг гэрчлэх хоёр жилд гарсан томоохон осол авааруудыг илүү дутуу дүгнэлтгүй уншигч танд хүргэе. Энэ төрд эзэн гэж байдаг бол Орос, Монголын талд “баастай бурхан” аятай хүндлүүлж буй Д.Жигжиднямаа даргад хариуцлага тооцох цаг болсон юм биш үү. Ерөнхий сайд ч та АНУ-аас ирснийхээ дараа анзаарч нэг уншина биз. Энэ осол хэд хүрч, хэдэн хүн амиа алдсаны дараа таны шударга ёсны сэлэм ажиллаж, хариуцлага тооцох юм бол...
2016.12.29: Чойрын Шивээ-Овоогийн өртөөнд гарчээ. Тодруулбал, өдрийн 08:45 цагт тус өртөөний галт тэрэгний туслах найруулагч вагонд зүтгүүр залгах үеэрээ дунд нь хавчуулагдаж, амиа алджээ. Талийгаач 20 гаруйхан настай залуу байсан бөгөөд УБТЗ-д ажилд ороод удаагүй, арванхоёрдугаар сарын 24-нд ажлын байрных нь тушаал гараад байлаа. 

2017.01.05: Шинэ он эхлээд тав хонож байхад буюу дараагийн осол гарсан байдаг. Энэ бол Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан осол юм. Ослын улмаас дахин нэг хүн амиа алдсан. Гэвч энэ ослын талаар УБТЗ-ын удирдлагууд мэдээлэл огт өгөөгүй. 
2017.01.07: Толгойт өртөөний зам дээр гарсан байдаг. Энэ талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхдээ ойролцоогоор 17-18 насны хоёр оюутан охин галт тэргэнд дайруулж, газар дээрээ амиа алдсан гэж байв. Чихэвч зүүчихсэн явсан учраас галт тэрэгний дуут дохиог сонсолгүй төмөр замын гармаар гарч яваад дайруулсан байна гэж мэдээлж байлаа. Төмөр замын аюулгүй ажиллагааг осол гарахаас өмнө буюу урьдчилан сэргийлэх үүднээс байнга хангаж байх ёстой ч тэгж чадаагүй юм. 
2017.01.08: Хоёр охины амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсны маргааш дараагийн осол гарсан. Тодруулбал, Амгалан өртөө -Улаанбаатар хот хоорондын  замд энэхүү осол гарсан бөгөөд замын 407 км-т 15 настай охин галт тэргэнд шүргүүлсэн байдаг. 
2017.01.09: Тухайн өдрийн 13:30 цагийн орчимд УБТЗ-ын Толгойт өртөөн дахь Зам засварын машинт станц “ПДМС”-ийн сэлгээний зам дээр вагон найруулагч хоёр суудлын вагоныг холбох үеэр завсарт нь хавчуулагдан нас барсан харамсалтай хэрэг дахин гарсан. Хохирогч 52 настай байсан бөгөөд УБТЗ-д олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн байсан гэдэг. 
2017.06.05: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум Төмөр замын 13 дугаар км тавдугаар 100-т гэх газарт төмөр замын голд Сүхбаатар сумын 1-р баг оршин суух 49 настай А гэгч галт тэргэнд дайруулж амиа алдсан байдаг. 
2018.01.25: Дархан-Эрдэнэт чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний хамгийн эхний зүтгүүрт гал гарсан ноцтой хэрэг гарсан байдаг. Цаг алдсан бол гал бусад вагонд дамжих байжээ. 
2018.05.17: Дарханы замд төмрийн хийц, үр тариа ачиж явсан олон улсын галт тэрэгний найман вагон 15:15 минутын орчимд замаасаа гарч, онхолдсон юм. Тодруулбал, "Дархан-1" өртөөний 15 дугаар замаар ОХУ-БНХАУ чиглэлд тээвэрлэлт хийж явсан 2508 дугаартай ачааны галт тэрэгний 15-24 дэх вагон сэлгээ хийж байгаад замаасаа гарч унасан билээ. Хүний амь эрсдээгүй. 
2018.04.03: Дархан хоёр өртөөний 1-р замаас будаа ачсан хоёр битүү вагонд ивүүр тавиагүйн улмаас суман шилжүүлэг өнгөрөн гол зам дээр гарч 1.7 км зам явж зогссон байна. Үүнийг төмөр замд “онцгой тооцот гологдол” гэж нэрлэдэг бөгөөд азаар осол гараагүй, хүн бэртээгүй. Мөн тухайн сард Эмээлт өртөөний ойролцоох зам дээр жирийн иргэн эмэгтэй вагонд дайруулж нас барсан хэрэг явдал гарсан талаар хэвлэлүүд бичиж байв. 
2018.03 сар: Сайншандын өртөөнд төмөр замынхны хэллэгээр бүлэг осол болж, нэг төмөр замчин амиа алдаж, нөгөө нь түлэгдсэн юм. Аккумляторын баттерей дэлбэрснээс үүдэж бүлэг осол гарчээ. 
2018:07.27: Дархан-2 өртөөний салбар зам, “Эрэл” үйлдвэрийн зөрлөг дээр сэлгээний үед тоормозгүй хөдөлж вагон мөргөлдүүлсэн осол гарч байжээ. 
2018:08.12: Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286 дугаар галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарчээ. Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн вагон замаас гарсан байна. Уг галт тэргэнд нийт 328 хүн зорчиж байлаа.
2018.08.28: Олон улсын зорчигчийн 112-р галт тэргэнд Замын-Үүд өртөөний төмөр замын монтёр дайруулж нас барсан золгүй явдал гарсан. Золгүй явдлаар нас барсан монтёр нь УБТЗ-ын даргын тушаалаар замын даргын нэрэмжит үзлэг хийж явсан нэгэн бөгөөд мөн уг галт тэргийг жолоодож явсан машинист нь жил гаруйн өмнө энэ ажилд томилогдсон хүн байжээ. 
2018.08.28: Үүрийн 04:20 цагийн үед Шанд-Түшлэг хооронд явсан галт тэрэгний хоосон  зүтгүүрийн А секц шатаж, гол зам гурван цаг хаагджээ. 
2018. 09.15: Агуйт-Маань хоорондын төмөр замын 003 галт тэргэнд гал гарсан. Галыг унтрааж чадаагүй тул Багахангай дүүргийн гал унтраах анги нэмэлт хүчээр ирж унтраажээ. Түүнчлэн шатсан галт тэргийг дахин ашиглах боломжгүй болсон гэх ба галын шалтгааныг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж эхэлсэн. 
2018.09.18:  “2653” дугаар галт тэрэг  596-р гарам дээр "32-66 УНЗ" улсын дугаартай KHINO маркийн ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан. Галт тэрэг гармаар дайран өнгөрөх үед ачааны автомашины жолооч хурдаа нэмж, галт тэрэгний хөдөлгөөнөөс өрсөхийг оролдсон нь ослын шалтгаан болжээ. Ослын улмаас хүний амь нас хохироогүй.