ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦЕГ: Хэргийн газраас Г.Батбаяр агсаны нэр дээр бүртгэлтэй буу олдсон

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-04-30

Өмгөөлөгч Г.Батбаяр агсан учир битүүлгээр нас барсан байдалтай олдсонтой холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр дараах мэдээллийг өгөв.  

Тэрбээр “Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б нь 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон тухай гомдлыг төрсөн дүү Н Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ сарын 25-ны өдрийн 00:57 цагт гаргасан.

Иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу тус хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг орон даяар зарлаж эхлүүлсэн. Эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд энэ сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Богдхаан” амралтын газрын машины зогсоол орчмоос иргэн Б-ын унаж явсан машин олдсон. Автомашинд холбогдох хууль тогтоомжийн дагуу хэргийн газрын үзлэгийг цагдаагийн байгууллагаас явуулахад иргэн Б нь автомашины арын суудлаас нас барсан байдалтай олдсон.

Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрэл зураг, бичлэгээр баримтжуулж авсан. Цагдаагийн байгууллагын мэргэшсэн алба хаагчид Хан-Уул дүүргийн хяналтын прокуроруудын хамтаар үзлэг хийсэн. Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас, бусад баримтыг бүртгэлжүүлэн авч эд мөрийн баримтаар тооцон шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар ШШЕГ-т хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд амь хохирогч Б нь галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан өөрийн нэр дээрээ галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Амь хохирогчийн цогцост ШШЕГ-ын мэргэшсэн шинжээчдийн бүрэлдэхүүн задлан шинжилгээ хийж, үйл ажиллагааны явцыг дүрс бичлэгээр баримтжуулж авсан. Хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн дүү Н-ийг болон түүний өмгөөлөгч Ц-ыг байлцуулж мэдүүлэг авч, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох шинжээч томилсон тогтоолыг танилцуулсан.  Хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч ямар нэг санал гаргаагүй” гэлээ.