2007 оноос НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр бүх гишүүн орнуудыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” болгон аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах арга хэмжээ авахыг уриалсан байдаг.
Тэгвэл “Аутизмд аялах нь” ТББ-аас энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх сарын аяныг санаачилсан юм. Сарын аяныг нээн Нийгмийн бодлогын байнгын хорооны дэмжлэгээр Дэлхийн аутизмыг таниулах өдрөөр төр болон төрийн бус байгууллагууд, эцэг эхчүүдийн төлөөллийн оролцоотой “Аутизм ба тэгш хүртээмж” хэлэлцүүлгийг Төрийн ордонд дөрөвдүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулсан.
Аутизмын хүрээний эмгэгийг таниулах сарын аяны хаалтын үйл ажиллагааг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Арга хэмжээнд ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн оролцож, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажилллагааны талаар мэдээлэл өглөө.
Өдөрлөгийн үеэр аутизмын эмгэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэгдсэн урлагын тоглолт, МУБИС-ийн тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан багш бэлтгэх хөтөлбөрийн ангийн оюутнуудын үзэсгэлэн, Монголын хүүхдийн ордны тоглолт, хэлэлцүүлэг, илтгэл, Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай иргэдийн төлөө ажилладаг ТББ-ын танилцуулга үзэсгэлэн, нийгмийн сайн дурын төсөл хөтөлбөрүүдийг багтаасан арга хэмжээ боллоо.