ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН: Намынхаа өмчийн газрыг авъя, бид 11 жил гудамжинд хүлээлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-05-03

Соёлын төв өргөө, Дуурийн театрын голд “хүзүүвч” гэгдэх урдаа Ардчилсан намын лого бүхий гурвалжин хөшөөтэй байр байсныг уншигчид санах бизээ. Ардчилсан нам "Ардчиллын өргөө" нэртэй шинэ байртай болохоор хувийн компанитай гэрээ байгуулж, гишүүд дэмжигчдээсээ хандив цуглуулж тухайн байраа буулгасан ч, тууринд нь нэг ч тоосго өрөлгүй өнөөдрийг хүрсэн.

Тэгвэл нийслэлийн Ардчилсан намын 1000 гаруй гишүүд дэмжигчид, намын удирдлагууд өнөөдөр газраа буцаан авах эсэргүүцлийн цуглаан хийж,  намын байр байсан газарт намын штабаа байгуулахаа мэдэгдлээ.

Ардчилсан намын байр өмнө нь

Ардчилсан намын байрны ТҮҮХ - Said.mn

Одоо 

 Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт “Ардчилсан намын 1000 гаруй гишүүн намын өмч, газрын өмнө цуглаад байна. 11 жилийн өмнө энэ газар Ардчилсан намын нийт гишүүдийн өмч байсан. Тухайн үед дарга нар энэ газарт 2200 мкв байр барихаар хувийн компанитай тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл намын гишүүд гудамжинд байна. Энд нэг ч бүтээн байгуулалт хийгдээгүй. Бид 11 жил гудамжинд хүлээлээ. Цаашид хүлээх хугацаа бидэнд байхгүй. Тиймээс өнөөдрөөс эхлэн Ардчилсан намын штаб энэ газарт байрлана. Нийслэлийн Ардчилсан намын штаб байрлах энэ газарт ирж улс төр, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг гишүүддээ уриалж байна. Бид гишүүдээсээ хандив босгож өөрсдийн өмчийн газартаа намын байраа барина” хэмээв.

Keterangan tidak tersedia.

Мөн үргэлжлүүлэн “Анх тухайн үеийн Улаанбаатар хотын банктай гэрээ хийж, нэг хоёрдугаар давхарт 2200 мкв газрыг Ардчилсан намд өгөхөөр тохиролцсон. Гэвч, гэрээний үүргээ биелүүлэлгүй 11 жил болсон. Гэрээний түвшинд маргаан үүссэн яваа. Энэ маргааш хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй. Магадгүй 20 гаруй жил ч болж магадгүй. Бидэнд ингэж хүлээх хугацаа байхгүй. Сонгууль бүрээр бид түрээсийн байранд мөнгө төлж, эсвэл гудамжинд ажиллаж ирсэн. Харин одооноос сонгуулийн штабаа энд байгуулж, өөрсдийн хүчээр хоёр давхар байр барина. Зөвхөн намын гишүүд гэлтгүй залуусыг, гарааны бизнес эрхлэгчдийг, шинэ технологийг дэмжсэн бизнес инкубатор төв байгуулна” гэлээ.

Цуглаанд Ардчилсан намын гишүүд дэмжигчид өмчийн газраа эргүүлэн авахаар дуу хоолойгоо хүргэхээр иржээ. Тэд 10 гаруй жилийн өмнө нам нь байрлаж байсан ч эдүгээ төмөр хашаагаар таглаж, цементэн тууринаас өөр торох зүйлгүй хоосон газарт цуглан намын дарга нарынхаа байр суурийг сонсож, өөрсдийн үгээ ч дайж байлаа.

Ардчилсан намын гишүүн А.Батжаргал:

Keterangan tidak tersedia.

-Манай намын төв байр олны нэрлэж заншсанаар шилэн хүзүүвч гэх энэ газарт байсан юм. Энүүхэн энд намын логотой гурвалжин хөшөөтэй. Жирийн гишүүд бид талбайн ойр ирж буцахдаа орж гардаг байлаа. Ардчилсан нам угаас нээлттэй учир өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож санал бодлоо хэлж ярьдаг байсан. Үүнээс хойш нам хэчнээн ч байр дамжив. Дарга солигдох бүрд өөр байр руу нүүдэг “нүүдлийн нам” болоод удаж байна.

Энэ байдлаас гарахын тулд бид өөрсдийн байртай болох учиртай. Тийм учраас дэмжиж энэ цуглаанд ирлээ. Тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүс гэрээнийхээ биелэлтийн араас эрчимтэй явсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй талаас газраа буцааж авах хөдөлгөөнийг өрнүүлж байгаа залуу дарга нартаа баярлаж байна. Нам байртай байх ёстой. Байраа барихын тулд газартай байх хэрэгтэй. Тийм учраас газраа эргүүлж авах акцыг дэмжиж ирсэн.

Ардчилсан намын гишүүн Д.Санжжав:

Keterangan tidak tersedia.

-Эрх баригчид сөрөг хүчнийг дэндүү хүч түрж байна. 20 гаруй жил намын төв байр байрлаж байсан хүзүүвчний алгын чинээ газрыг хүртэл булааж байна. Өөрсдөө болохоор хот хөдөөгүй том байшин барьсан мөртлөө жаахан газар булаацалдаж буй нь үнэн хэрэгтээ ёс зүйгүй л үйлдэл. Нэг ёсондоо нэг намын ноёрхол тогтоочихоод байна. Үг хэлэх эрхгүй боллоо.

Бүх хэвлэл мэдээллийн байгууллагаар Засгийн газар, МАН-ыг магтсан нэгэн хэвийн нэвтрүүлэг л гардаг боллоо. МҮОНРТВ-ийг үздэг хүн ч байхгүй боллоо. Социализмын үед ийм байсан юм. Өнөөдрийн акц бол оройтож байна. Манайханд ч буруу бий. Сүүлийн найман жилийн хугацаанд МАН-д бүх эрх мэдэл байлаа. Гэвч нэг ч бүтээн байгуулалт хийсэнгүй. Манай Ардчилсан нам муугаа ил ярьж чаддаг. МАН бол дотроо нуудаг, бүлэглэдэг. Түүгээрээ бид эрх баригчдаас ялгарч чаддаг юм.