ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Экс дарга Д.Сумъяабазарын үлээсэн шүгэл ямар үнэнийг ил болгох вэ  

O.Admin
2024-05-11

Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарын өнгөрөгч долоо хоногт “NTV” телевизэд өгсөн ярилцлага олон нийтийн анхаарлыг татаж буй. Энэ тухай яриа нийгмийн сүлжээнд ч өнөөдрийг хүртэл хуучраагүй сэдэв хэвээр байна.

Учир нь тэрхүү ярилцлагадаа экс Хотын дарга хоттой холбогдсон хугацааны улс төрийн тэмцэл, хөшигний цаадах зөрчилдөөн, нийгэмд дуулиан тариад буй ногоон автобусны худалдан авалтын цаана чухам юу болсон зэрэг олон эргэлзээ дагуулсан асуултад хариулт өгсөн учраас тэр билээ. Уг нь өнгөрсөн хугацаанд Д.Сумъяабазар Ерөнхий сайдтайгаа хамгийн их ойлголцож, гар нийлэн ажиллаж байсан дарга байв.

Өмнөх үе, үеийн Засаг дарга нар Ерөнхий сайдтайгаа ийм харилцаа тогтоож чаддаггүй байсан учраас тэр хэрээр хотын төсөв танагдаж, хот гэх тусдаа вант улстай болчихдог байж. Тэр орхигдсон орон зайн дээр харин М.Энхболдын тэргүүлдэг байсан “Хотын фракци” үеийн үед дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр ирсэн гашуун түүхийг та бид хангалттай мэднэ.

Харин үүнийг Д.Сумъяабазар эвдэж чадсанаараа түгжрэлийг бууруулахад зориулан түүхэндээ байгаагүй хамгийн их төсөв буюу 420 тэрбумыг авч, нийслэл нь Засгийн газартайгаа ойлголцолд хүрч нэгдсэн бодлогоор урагшаа харж, хөшигний цаана байсан хотын дарга нарын газрын наймааг ил болгохоос гадна “Мон Уран”-ы Б.Наранхүү тэргүүтэй хэсэгхэн хүмүүсийн мэдэлд байсан Хүүхдийн паркийн 10.2 га газрыг нийслэлийн өмчид буцаан авсан зэргээр чамлахааргүй ажлыг хийж гүйцэтгэсэн билээ.

Өмнөх есөн Засаг дарга нараас хамгийн бага газар олгож, эсрэгээрээ харин хууль бус гражуудыг буулган нийтийн эзэмшлийн талбай болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, үе усны гамшигтай хүнд хэцүү цагт ч Д.Сумъяабазар л ногоон цамцтайгаа сайн, муугаараа дуудуулан ажлаа хийж явсансан. Тухайлбал, Хотын даргаар ажилласан бүрэн эрхийн хугацаандаа 278 захирамжаар 348 байршлын 1015.25 га газрыг нийслэлийн мэдэлд эгүүлэн авсан юм билээ. Д.Бадамжунай тэргүүтний эзэмшиж байсан 72 га газрыг нийслэлийн өмчид эгүүлэн авч, 50 га газрынх нь газар чөлөөлөлтийг хийчихсэн нөхөр. 8539 гарааш буулгаж 15.6 га газар чөлөөлснөөс 61 байршлын 5.1 га-д тохижилт, бүтээн байгуулалт хийснийг та бид мэднэ.

Гарааш буулгасан талбай болон гэр хорооллын нийт 118 байршилд олон улсын стандартын шаардлага хангасан 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг эхлүүлж, 2251 байршилд 87.8 км хашаа, хайс буулгаж, газар ашиглалтыг сайжруулж, явган хүний зам, талбайг нэмэгдүүлжээ. Ковидын үед ч нийслэлийн онцгой комиссын даргаар ажиллаж, өдөр шөнөгүй бэлэн байдалд байсныг хот даяараа мэдэх учраас илүүг нуршихын хэрэг юун. Ковидын хөл хорио дуусахтай зэрэгцэн хамгийн түрүүнд бизнесийн салбарынхныг хотын захиргаан дээр цуглуулан уулзаж, яаралтай хийж болох шийдлүүдийг ярилцсанаар сар бүрийн 1-нд архи зарахгүй гэх шийдвэрийг ч цуцлуулж байлаа, тэр.

Шагийнханд салбараа атгуулчихдаг байсан ресторан, паб караоке, дэлгүүрүүд шаардлага хангаж байвал 04:00 цаг хүртэл ажиллах боломж нээгдэж, нийслэлээс олгодог байсан 74 төрлийн тусгай зөвшөөрлийг цуцлан, зуу зуун залуусыг бизнестэй, мега хотыг гудамжны хоолтой болгосон гавьяаг ч мартаж боломгүй санагдана. Засгийн газрын танхимаасаа гадна бизнес эрхлэгчид, залуустай хамтрал бий болгож тал, талаасаа болгож бүтээх гэж зүтгэж байв. Тиймдээ ч тинк танк буюу дэргэдээ эрдэм шинжилгээ, судалгааны баг ажилуулсан хотын дарга гэж үнэлэгдсэн гээд түүнд хийсэн, гийгүүлсэн гавьяа их атлаа гай дуудсан ногоон автобусаар энэ бүхнээ баллуурдах тэнэг хүн лав биш байлгүй дээ.  Товчхондоо, “Хотын фракци”-ийн хийгээд үе, үеийн Засаг дарга нарын гар хөл болсон олон хүмүүсийн эрх ашгийг эдгээр хийсэн ажлуудаараа тэр лавхан хөндчихөж. Бизнес, мөнгөнөөс нь салгаж, тэр хэрээрээ ч өөртөө дайсан бэлдчихсэн хэрэг л дээ.

Хамгийн сонирхолтой нь Ерөнхий сайд нь бүрэн итгэл үзүүлж, өөрөө хүртэл ийм олон ажил хийчихсэн атлаа гэнэтхэн л эз нь хатгав уу гэлтэй төрийн нууцад оруулж байгаад хэдэн ногоон автобусны мөнгө хувьдаа завших гэж улайрч, түүнийгээ хурган дарга нартаа итгэж хийлгээд л мөнгийг нь хуваагаад идчихсэн гэдэгт хэн ч итгэхгүй нь бас үнэн. Идэж, ууж, хувааж хүртэж болох дөрвөн жилийн хугацаандаа тэгж их хичээж ажилласан атлаа сонгуулийн өмнөхөн “бүдэрчихсэн” гэдэг зохиол анхнаасаа л үнэмшилгүй, хэтэрхий тавилттай гэдэг нь харагдаад байв. Үүнийгээ ч сэтгүүлч Г.Лхагвадоржийн өмнө сууж байгаад уудалсан.  Тэгэхдээ үргэлжлэл бий... гэсэн төгсгөл хийнэ лээ.

Улс төрийн хувьд үүнийг ухаж харвал “Хотын фракци” гэдэг том бүлэглэлийн нуран унасан орон зайн дээр “Говь-Алтайн” гэх бүлэглэл амь бөхтэй сууриа бэлдэж, жил гаруйн хугацаанд мань эрийг албан тушаалаас нь зайлуулахаар хөшигний цаадах тулаан өрнөж байсныг монголчууд хуйгаараа мэдэж авав. Нүүрсний бүлэглэл Ерөнхий сайдын хамгийн эмзэг цэгийг хатгахын тулд ногоон автобусны дуулианаар дамжуулын засгийг тогтворгүй байдал руу түлхэж байсан үнэнийг ч цугаар мэдэв. Тэр хэрээр МАН-ын доторх зөрчил, хуваагдал буюу хэн хоёр нь нэг талдаа гарч, хэд нь харин нөгөө талд зогсож байсан үнэнийг элдэв хачир, гоёлгүйгээр мэдэж авах шиг боллоо.

HOOP NOTES | EPISODE 25 - YouTube

Д.Сумъяабазар сайн ажиллаж, сайтар бэлтгэгдсэн улстөрч байсан хэдий ч зөвхөн ногоон автобусны дуулиан дээр л гэнэ алдаж “бүдэрчээ” гэдгийг нийт, нийгмээрээ ялгаж, салган харжээ. Бүдэрч унагаах зохиолыг ч сайтар зохион байгуулалттай хийсэн гэдэг нь тодорхой болов. Түүний ганц алдаа нь доод албан тушаалтнуудаа өөрийн хүмүүс гэж итгэсэн явдал. Улмаар ажлыг нь авах гэж улайрч, ар өврөөс нь жил гаруйн хугацаанд хутга шөвөг “дүрж” явсан этгээдүүдийн төлөө ажилласан цөөхөн хэдхэн хүний хар хоронд бүдэрч орхисон нь өнөөдөр түүнийг АТГ-ын үүд рүү хөтлөх шалтгаан болов. Хотод хамгийн их ажил хийчихсэн атлаа хийсэн ажлаа бусдад булаалгуулж, түүний хийсэн ажлаар өөр нэгэн нь оноо хүртэж, өөрөө харин зөвхөн автобус зөөж идчихсэн буруутан болж үлдэх улс төрийн хоржоонтой алхам руу түлхэгдчихэж. Гучин хэдхэн насандаа арилжааны банк байгуулж, бизнес хийсэн улстөрч гэж түүнийг харвал, 2007 оноос хойш шинэчлээгүй автобусаа паркаар нь шинэчилнэ гэсэн том амбицтай нь харьцуулаад харахаар худалдан авалтынх нь мөнгөнөөс цавчаа хийж, өдий хүртэл явсан улс төрийн карьераа унагаах тэнэг лав биш баймаар.

Тэгэхээр ус тосоор ялгардаг бол тендерийг хэн анх улсын нууцад авсан, 420 тэрбумаар төсөвлөсөн хотын төсвийг хэн гацаасан, БНСУ-ын талтай нэгдэж нийлэн “Тэнүүн огоо” компанийг хэн тендерт ялуулсан, ногоон автобусны дуулианыг хэн сэвж, хэн зохиолыг найруулан засгаа унагах хэмжээний улс төр рүү түлхсэнийг хууль, шүүхийнхэн нь ил болгох биз ээ. Тэр цагт харин нийслэлийн МАН-ын дарга, Хотын экс дарга Д.Сумъяабазарын ярьсан бүхэн үнэнд хэр ойрхон байсныг, Л.Оюун-Эрдэнэ буюу намын даргынхаа эсрэг улс төрийн энэхүү тоглоомыг хэн найруулсныг та бид мэдэж авах нь ээ. МАН дотор буй Увс, Говь-Алтай, Ховд, Миеэ, Сү зэрэг томоохон бүлэглэлээс гадна нам дамжсан МАНАН-гийн гар хөл, нүүрсний бүлэглэл ч энэхүү жүжгийг тун чадварлагаар найруулсныг юутай ч та бид энэхүү ярилцлагаас, тэр гал дундуур сайн муугаар цоллуулаад гараад ирсэн хүнээс өөрөөс нь дуулчихлаа. Харин хууль хэрхэн харахыг хэн мэдлээ. Ойрын хугацааны хамгийн сонирхолтой улс төр нь МАН доторх энэхүү зөрчилдөөн хэн, хэнийг нийслэлийн хийгээд төв намынхаа эсрэг ажилласан үнэнийг бидэнд илчлэх нь харин үнэн болов.