ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Зам-2024” сургуульд оролцохоор Японы цэргийн алба хаагчид Монголд ирлээ

O.Admin
2024-05-14

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн салбаруудын хамтарсан “Зам-2024” сургалт, дадлагад оролцох Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн инженерийн хоёрдугаар бригадын цэргийн алба хаагчид Монгол Улсад ирлээ.

Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн инженерийн төлөөлөгчдийг уг сургуулийн Монгол талын удирдагч Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Инженерийн дарга дэд хурандаа Г.Мөнхбат болон Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяр нарын албаныхан сургалт явагдах газар районд угтан авсан юм. Энэ удаагийн “Зам-2024” хамтарсан сургалтаар хангайн бүс, уулархаг газар оронд хатуу хучилттай зам барих дадлага сургуулийг явуулах бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалтын баг хамтарсан сургууль эхлэхээс 14 хоногийн өмнө сургалт болох газарт ирж, бие даан онол-дадлагын сургалтыг зохион байгуулах сургалтын бэлтгэл, жигдрэлтийг хангаад байна.

Энэ үеэр Монголын талын сургуулийн удирдлагын бүлэг бие дааж явуулсан сургалтын үйл ажиллагаагаа танилцуулан, цаашид хамтран явуулах сургалтын төлөвлөгөө агуулгаа тодотгож, хамтран санал солилцлоо. Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас хамгийн урт хугацаанд, тууштай хэрэгжиж байгаа нь “Зам” сургалт, дадлага бөгөөд энэ нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.

May be an image of 10 people

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн салбаруудын хамтарсан “Зам-2024” сургуулийн нээлтийн ёслол өнөөдөр тавдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана. 10 дахь жилтэйгээ золгож байгаа энэхүү хамтарсан сургууль энэ удаа Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийг түшиглэн явагдах юм.