Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ 2021 онд ажилчдын орон сууц барих зориулалтаар 836 м2 газар эзэмшиж, барилгын компанитай гэрээлжээ.
Харин тус хорооны оршин суугчдын зүгээс орон сууцны зориулалтаар олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэг барих саналыг нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн. Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг тус хорооны оршин суугчидтай уулзлаа.
Энэ үеэр тэрбээр “Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоот үйлдвэрийн газар өөрийн эзэмшил газраа бусдад ашиглуулж барилга барих нь хуулиар хориотой. Иймээс газар эзэмшигч ААН болон барилгын компанийн төлөөлөлтэй уулзаж газар эзэмших эрхийг цуцлах талаар ярилцсан. Тус газарт оршин суугчдын саналыг үндэслэж цэцэрлэг, ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэхээр холбогдох ажлыг зохион байгуулж байна” гэдгийг хэллээ.