ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ганбат: Орон сууцны хорооллууд борооны усаа шууд зам руу урсгадаг нь ачааллыг нэмэгдүүлж байна

O.Admin
2024-05-15

Энэ онд нийслэлийн хэмжээнд 17 байршлын замыг засаж, шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар зургаан байршлын замыг шинэчлэн, хөдөлгөөнийг нээлээ. Харин таван байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

Тухайлбал, Бага тойруугийн авто замыг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд эхний ээлжид “Цэцэг төв”-ийн уулзвараас “Цаг уур, орчны шинжилгээний газар”-ын уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээсэн. Бага тойруугийн авто зам 1950 онд баригдсан бөгөөд хамгийн сүүлд 2011 онд их засвар хийсэн юм. 2011 онд хийсэн их засварын хүрээнд байгалийн чулуун бродюрыг суурилуулсан нь эвдрэл гэмтэлгүй, ашиглалтын шаардлага бүрэн хангаж байгаа бөгөөд цаашид ашиглах боломжтой. Байгалийн чулуугаар хийсэн бродюр нь 50 жилээс дээш хугацаанд ашиглах боломжтой байдаг.  Түүнчлэн “Цэцэг төв”-ийн уулзвараас СУИС хүртэлх хэсгийн авто зам гуравдугаар коллекторт усаа хаядаг. Гуравдугаар коллектор нь “Хүүхдийн урлан бүтээх төв”-өөс эхлэлтэй бөгөөд нийтдээ 3.7 км үргэлжилдэг гэдгийг нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат хэлж байв. 

Мөн Улаанбаатар хотын авто замууд ил болон далд хэлбэрээр гадаргуугийн усаа зайлуулдаг. Хотын 46 гудамжны 200 гаруй км зам далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээтэй бөгөөд 3000 гаруй шүүрт худгаар дамжуулан зайлуулдаг. Өнөөдрийн байдлаар хатуу хучилттай зам, талбайн усыг зайлуулахад 18 төв коллектор, нэг насос станцыг ашиглаж байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат:

-Орон сууцны хорооллууд нь зам талбай, дээврийн бороо, цасны усыг зайлуулах байгууламжаа шийддэггүй, усаа шууд  авто зам руу хаядаг. Энэ нь борооны ус зайлуулах шугам, худгийн ачааллыг нэмэгдүүлдэг. Мөн зориулалтын бус холболт буюу цайны газар, үйлчилгээний болон авто угаалгын газрууд бохир усаа холбож ашиглалтын нөхцөлийг хүндрүүлж байна.

Үргэлжлүүлэн ”Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр төлөвлөж байна. Авто замуудыг шинэчлэн засварлахдаа зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе, хэвтээ, босоо тэмдэг суурилуулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.