МАН-ын Бага хурал тун удахгүй эхлэх гэж байна. Гишүүд ээлж дараалан хуралдаа ирж буй бөгөөд бямба гарагт нийслэлийн МАН-ын даргаар сонгогдсон Хотын дарга Х.Нямбаатараас дараах мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
Тэрбээр "Олон нийтийн дунд хийгдсэн судалгааны дүнд үндэслэж сонгуульд нэр дэвшүүлнэ гэдгээ намын дарга илэрхийлсэн. Үүнд хэд хэдэн гол хүчин зүйл бий. Нэгдүгээрт, салбартаа мэргэшсэн инженер, хууль, эдийн засагчид байх. Хоёрдугаарт насны шалгуур бий. Гуравдугаарт авилга албан тушаалын аливаа хэрэгт холбогдоогүй байх зэрэг шалгуурыг харгалзаж МАН-ын даргын зүгээс бодлогын нэр дэвшүүлэлт хийнэ. Тойргуудын хувьд тухайн орон нутагтаа танигдсан, олон нийтийн судалгаагаар ялах магадлал өндөртэй хүмүүсийг нэр дэвшүүлэх болов уу. Харин жагсаалтад улстөрч биш инженер, хуульч, эдийн засагчдыг багтаах болов уу. Гол нь тухайн салбартаа мэргэшсэн эсэхийг шалгуур болгоно" гэв.
Мөн энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, намын бодлогоо дагаж бага хурлын гишүүний хувиар хуралд оролцож байгаа гэдгээ тодотголоо.