УИХ-ын Хянан шалгах түр хорооноос “Ногоон автобус”-ны худалдан авах ажиллагаатай холбоотой сонсголыг зохион байгуулж буй. Өнөөдөр худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судалж байгаа юм.
Энэ үеэр шинжээч 2023 оны нийслэлийн нийтийн тээврийн газрын ННТГ23001, ННТГ23001-01 дугаартай нийтийн тээврийн автобус худалдан авах гэрээнд заагдсан техникийн нөхцлийг хангаагүй хуучин, засварласан автобуснуудыг хүлээн авах комисс “Шаардлагад нийцсэн” гэж хүлээн авсаныг нотлох баримттайгаар харуулсан. Тэгвэл автобус хүлээн авах ажлын хэсгээс удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу шаардлагад нийцээгүй ч, нийцсэн гэх дүгнэлт үйлдэн хүлээн авсанаа сонсголын үеэр илэрхийллээ.
Хянан шалгах түр хорооны гишүүн Б.Чинбүрэн: Техникийн үзүүлэлтүүд нь шаардлага хангахгүй байна. Ийм аюултай байхад яагаад техникийн үзүүлэлтэд нийцсэн гэж хүлээн авсан юм бэ.
ННТГ-ын Ачаа тээвэр логистикийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхболд:
Автобус хүлээлцэх ажлын хэсэг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр зургаадугаар сарын 12-нд байгуулагдсан. Их багтаамжийн 20 автобусанд ажлын хэсэг ажиллаад шинжээчийн дүгнэлтэд дурдсантай адил буюу найман төрлийн зөрчлийг илрүүлж, хүлээн авах боломжгүй тухай дүгнэлтээ удирдлагад танилцуулсан. Удирдлагын зүгээс Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу есдүгээр сарын 1 гэхэд автобус орж ирсэн байх ёстой. Дараагийн ээлжийг нь хүлээн авахад санхүүжилтийн асуудал үүсээд байна. Энэ автобуснуудаа хүлээгээд авчих гэсэн. Тэнүүн-Огоо ч дараагийн ээлжинд шаардлага хангасан автобус нийлүүлнэ гэсэн амлалт өгсөн. Ингээд удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу гарын үсэг зурж хүлээн авсан.
Ж.Чинбүрэн: Засгийн газраас чиглэл өгсөн гэж шахсан албан тушаалтны нэрийг нь та хэл?
ННТГ-ын Ачаа тээвэр логистикийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхболд:
-Ажлын хэсэг нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын тушаалаар батлагдсан. Энэ тухай дүгнэлтээ байгууллагынхаа газрын даргад танилцуулсан. Ингэхэд сайд болон нийслэлээс ийм үүрэг даалгавар өгсөн гэсэн.
ННТГ-ын дарга асан С.Жавхлантбаатар:
Daewoo BS 106 маркийн 20 автобусыг хүлээн авах ажлын хэсэг зургаадугаар сарын дундууд байгуулагдсан. Наймдугаар сарын 14-нд ажлын хэсэг нийлүүлэгч Тэнүүн-Огоо компаниас автобус хүлээн авах ажлыг зохион байгуулсан. Урд нь зургаадугаар сард үйлдвэрийн процесстой газар дээр нь танилцсан. Засаг даргын захирамжийн хүрээнд хэвлэлийн долоон хүнтэй 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Солонгосын үйлдвэр, Вьетнамын угсралтын үйлдвэртэй танилцсан. Бидэнд яг л ийм автобусыг үзүүлж байсан. Шинжээчийн дүгнэлтийг харахад нэг автобус тэнцсэн гэж танилцуулж байна. Магадгүй бидэнд үзүүлсэн автобус нь тэр байсан байж магадгүй.
Үнэхээр наймдугаар сарын 14-нд хүлээж авсан 20 автобусыг ажлын төлөвлөлтөөр наймдугаар сарын 24, 25-нд иргэдэд танилцуулах ёстой байсан учраас зарим техникийн зарим нөхцөл дутуу Монгол руу гарсан ачигдсан гэх мэдээллийг нийлүүлэгч талаас мэдэгдсэн. Энэ хүрээнд дутуу зүйлс байгааг ажлын хэсэг ч танилцуулсан. Ажлын хэсгийн даргын хажууд ч салбар хариуцсан сайдад би танилцуулж байсан. Санхүүжилт зогсчихвол есдүгээр сард орж ирэх дараа дараагийн нийлүүлэх автобусанд гацаа саад үүсэх учраас шийдээд яв гэсэн чиглэлийг шат шатандаа өгөөд явсан.