УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчилжээ. Тодруулбал, Монполимет Групп нь Монцемент цогц үйлдвэрийн төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд нийт 65.0 сая ам.долларын зээлийг авсан байдаг. Тэгвэл АТГ тус зээлийг зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор Ц.Гарамжавыг шалгаж байх явцад АНУ-д тодорхой тооны үл хөдлөх хөрөнгө илэрсэн байж болзошгүй бөгөөд тухайн хөрөнгийг худалдан авсан эх үүсвэрийг гэмт хэргийн замаар олсон эсэхийг шалгахаар түүнийг саатуулсан байна.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан этгээдийн орон байр болон бусад шаардлагатай объектуудад нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуй 48 цагийн хугацаагаар баривчилсан. Тухайн этгээдийг ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ гэхээр Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, ингэхдээ мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, гадаад улс оронд үл хөдлөх хөрөнгө бий болгосон байж болзошгүй үндэслэлээр шалгаж байна.
Мөн авсан лицензүүдээ хууль бусаар авсан байж болзошгүй, мөн лиценз авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй учраас ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албатай хамтран шалгаж байна.
Эрүүгийн хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд тогтоогдвол мөрдөгч хуульд заасан саналаа гаргаж, прокурор хянаж үзээд шийднэ. АТГ-аас Хөгжлийн банктай холбоотой улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг шалгаж, шүүх байгууллага руу шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр ч гарсан. Одоо манай газар дээр Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдох хэдэн хэрэг байгаа бөгөөд мөрдөн шалгаж байна. Тийм учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг 48 цаг баривчилсан гэдэг мэдээлэл үнэн гэв.