Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн.
Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьсан бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст цэцгээр цэцэгт байгууламж байгуулж, иргэдэд ногоон байгууламжаар дамжуулан гоо зүйн мэдрэмжийг харуулах зорилгоор өнгөрсөн онд таван байршилд домбо, тогос, эмээл, тулга, эрийн гурван наадам сэдэвт долоон цэцэгт хийцлэлийг олон улсын жишигт нийцүүлэн байгуулж байв. Харин энэ онд 25 хийцлэл болгон нэмэгдүүлэх юм.
УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан "Төв талбайд тарьсан цэцгүүд иргэдийн сонирхлыг ихэд татаж байх шиг байна. Тодруулбал, мандарваа, тахиан залаа, хоёр төрлийн хайтан цэцэг, тасалгаанд ургадаг лили, алтан зул цэцгийг тарьсан. Одоогоор дөнгөж ургалтынхаа явцад явж буй. Гэвч бэлгэнд өгдөг цэцгийг ийн гадна талбайд тарьснаар иргэд сонирхохдоо ишийг нь хугалах, үндсээр нь сугалах гэх мэт үйлдлүүд гаргаж байна. Мөн өдөр тарьсан цэцгийг шөнө хулгайлснаас үүдэн өглөө байхгүй байх жишээтэй. Бид Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай хийж буй. Иймд иргэн бүр ухамсартай байж, тарьсан цэцгийг хайрлаж, гамтай байхыг уриалж байна" гэлээ.