Өнөөдөр /2024.06.05/ Чойжин ламын сүм музейд 14:00-17:00 цагийн хооронд “Тэгш хүртээмжтэй музей: Хүүхэд бүхэн хөөрхөн” өдөрлөг болно.
Тус музей нь тусгай хэрэгцээт хүүхэд багачуудад соёлын өвийг танин мэдэх, хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох, төлөвшүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран уг өдөрлөгийг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Музейн боловсролын хөтөлбөр, мэргэжлийн байгууллагуудын урлагийн тоглолт, тусгай хэрэгцээт иргэдийн онцлогт тохирсон спорт тоглоомууд, шүд, нүд, чих, хамар хоолойн эмчийн үзлэг зөвлөгөө зэрэг баялаг агуулгатай тус өдөрлөгт нийт 200 гаруй хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчийн хамт оролцох юм.
Үйл ажиллагааны хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, ажил олгогч байгууллагууд иргэдэд үйлчлэх бөгөөд тусгай хэрэгцээт иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.