НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Улаанбаатарын Урбан фестивалийн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 6, 7-ний өдрүүдэд зохион байгуулсан "Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри" тэмцээнд Монгол Улсын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг анх удаа аваргаар тодорсон.
Харин "Улаанбаатар дэлхийн их дуулга" тэмцээн өнөөдрөөс эхэлж байна. Энэ амралтын өдрийг дуустал үргэлжлэх уг тэмцээнд дэлхийн чансааны эхний арван байр дотор эрэмбэлэгддэг дэлхийн шилдэг мэргэжлийн 12 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж буй.
Тодруулбал, дэлхийн шилдгүүд болох Серби улсын “ҮБ”, АНУ-ын “Майами”, Нидерланд улсын “Амстердам”, Швейцар улсын “Лозанн” баг болон Монгол улсын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” тэргүүтэй багууд оролцож байна. Талбайн эзэн Монгол Улсыг “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” баг төлөөлөх бөгөөд хасагдах шатны тоглолтууд маргааш 16:00 цагаас эхэлнэ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг үйл ажиллагааг нээж “Манай улсын тамирчид 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр дэлхийн тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг өндөрт гаргаж буйд талархаж байна. Мөн Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж буй "Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри" тэмцээнд Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг аварга авсанд баяр хүргэж, амжилт хүсье. Нийслэлийн зүгээс хүүхэд, залуусыг сагсан бөмбөгийн спортоор хичээллэх нөхцөл, боломжийг бүрдүүлж, 2022 оноос эхлэн стандартын шаардлагад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбайг нийслэлийн есөн дүүрэгт үе шаттай байгуулж буй” хэмээв.
Ташрамд, Улаанбаатарын Урбан фестивалийн үеэр 3х3 сагсан бөмбөг, скейтборд, роллер скейт, BMX дугуй, крикет, модон барилдаан, корнхол, лазер гүйлт, фанкшенл фитнесс, фризби, pickle ball зэрэг урбан спортын 11 төрлийг танилцуулах өдөрлөг болохын зэрэгцээ хоолны өдөрлөг болж байгаа юм.