ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хотын фракцийн 20 жилийн дараахь ялагдал

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-26

- М.Энхболдын фракцид одоо хотын дарга, УИХ-ын даргын суудал хоёр үлдлээ- 

Улс төрийг шатар гэж дүгнэвэл оюун ухааны спортод уран нүүдэл хийдэг цөөхөн улстөрчийн нэг нь УИХ-ын дарга М.Энхболд гэдгийг олон хүн хэлэх байх. Тэр олон удаа булхайтай хожил авсан нь мэдээж. Нөгөө талаар өрсөлдөгчийнхөө нүүдлийг түрүүлж харж чаддаг учраас төдийгөөс өдийг хүртэл намын нэрээр хүрч болох бүх албан тушаалд очжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж үзэв. Намын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн олон улстөрчийн хүрч чадаагүй өндөрлөгт ердөө л 28 жилийн хугацаанд хүрчихсэн байх юм. Нүүдэл сураагүй улстөрчийн замнадаг замнал хэрхэвч биш байгаа биз. Нэг ч төгрөгийн хувийн бизнесгүй атлаа хотыг удирдах эрх авч, нэг ч компанийн хувьцаагүй атлаа улс төрийн шатаар дандаа өгсөж байсан гэхээр буруу нүүдэллэхдээ ч холыг харж байсан нь илт.

Тэр 90 гаруй жилийн түүхтэй улс төрийн намд өөрийн орон зайг томоор дархлав. Намд орж ирсэн нэг хүн ч М.Энхболдын тэргүүлсэн “Хотын фракци”-ийн дэмжлэггүй албан тушаалд очдоггүй байсан. Тэгвэл М.Энхболдын эрин үе телевизийн сэтгүүлчдийн хэлдгээр, энд хүрээд дуусч байна. Улс төр, бас намд түүнээс илүү булхайтай хоржин нүүдэл хийдэг залуус гарч ирэв. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг гэгчээр нүүдэл заалгаж байсан залуус нь эргээд түүнийг “хожиж” байна.

М.Энхболд 1990 онд албан ёсоор МАХН /МАН/-д элссэн байдаг. Энэ цаг хугацаанаас эхлээд тоолбол 28 жилийн турш намдаа ноёрхлоо тогтоолоо. Ердөө л есөн жилийн дараа буюу 1999 онд хотын даргын суудалд очиж, МАН-д өөрийн фракцийг албан ёсоор байгуулж байсан улстөрч. М.Энхболдын улс төрийн амьдрал дандаа цахилгаан шатаар дээшилж байжээ. Тэр ч байтугай УИХ-ын сонгуульд 65 суудал авах үед 40 гаруй нь хотын фракцийн мэдэлд шилжиж, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж хүртэл “Монголын Засгийн газар уу, Миеэгийн Засгийн газар уу” хэмээж байлаа. Тэр ингэж ноёрхлоо тогтоож байсан юм.

МАН-ын Удирдах зөвлөл, намын Бага хурлын гишүүдийн 80 гаруй хувь нь түүний фракцийнх. Төрийн албан тушаалд хотын фракцийн нөлөө бүхий хүн Т.Бадамжунайгийн гарын үсэггүй бол очих боломж байдаггүй гэсэн яриа ч бий. Тэд ийм л “итгэлт” найзууд, улс төрийн түншүүд. Гэвч 2016 оны сонгуулиас хойш  хүч алдаж эхлэв. Цаг хугацааны жам хэмээн зөвтгөж болно л доо. Залуу үедээ халаагаа тавьж өгөх нь буруу биш, нам шинэчлэгдэж байна гэх мэт гоё үгээр тодорхойлж бас болно.

Гэхдээ хачиргүйгээр дүгнэвэл “Хотын фракци” одоо хог дээр үсэрч байна. Алдарт “60 тэрбум”-ын дуулианаас хойш түүний тахил буруу өрөгдөж, өврөөс нь цухуйж, эрийн цээнд хүрсэн олон залуу түүний эсрэг бослоо. Сонгуулийн пиар нь буруу эргэж, Ерөнхийлөгчийн сонгуульд эхний ялагдлаа амсав. Өрсөлдөгч гэхээс илүүтэй өөрийнх нь нам дотроос “60 тэрбум”-ын асуудал сөхөгдсөн явдал түүнд гэнэтийн цохилт боллоо. Дараа нь фракцийг нь хүчтэй байлгаж байсан нийслэлийн намын даргын суудлаа бас алдав.

Одоо хотын даргын суудлыг алдаж гэмээнэ нэлээд гүн шарх авна. Л.Оюун-Эрдэнэ нарын залуу гишүүдээ басаж, басхүү хийх нүүдлийг нь тооцоолж чадаагүй гэнэдэж, шатрын өрөг дээрээ мад тавиулав. Яг л 11 жилийн өмнөх гашуун туршлага. Цаг хугацааг ухрааж харвал М.Энхболдыг өөрийнх нь намынхан гурван удаа мад тавьж, эсэргүүцэн босч байв.  2007 он.

Тухайн үедээ төр засгийн өндөр алба хашиж байсан улстөрчид болох Л.Одончимэд агсан болон Т.Ганди, Д.Арвин, Т.Очирхүү, Д.Одбаяр, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Р.Нямсүрэн, Ц.Мөнх-Оргил, А.Цанжид нарын 13 улстөрч анхлан намаа шинэчлэх хөдөлгөөн байгуулж, 2007 онд намын дарга болон Ерөнхий сайдын албыг эрхэлж байсан М.Энхболдыг огцруулахаар зүтгэж байлаа. “Элсний 13” хэмээн нэрлэгдсэн эдгээр улстөрч 2008 оны сонгуульд намаа ялагдуулахгүйн тулд М.Энхболдыг намын даргын ажилдаа анхаар хэмээн сануулж, XXV Их хурлаараа түүнийг огцруулж, Ерөнхий сайдаар С.Баярыг томилуулах санал гаргаж байлаа.

Улмаар эхэлсэн шинэчлэлээ дуусгах ёстой гэж үзсэн учраас М.Энхболдоос намын даргынх нь суудлыг ч мөн авч байсан юм. Тэр эхний удаа ингэж ялагдал амсжээ.” Н.Энхбаярын нөлөөгөөр орж ирлээ, зааварчилгаа өглөө” хэмээн буруутгаж, “элсний” хэмээн шоглож байсан 13 улстөрчийнхөө ов мэхэнд унаж, мад тавиулсан түүхийг өөрөө ч өнөө хэр мартаагүй биз. Нөгөөтэйгүүр, М.Энхболдын Засгийн газрын үед “Ми-8” нисдэг тэрэгний осол, “Азийн чоно” архитай холбоотой дуулиан, Хонгорын хордлого ар араасаа яригдаж, Б.Жаргалсайхан, Л.Гүндалай нарын хоёр сайд нь ажлаа өгснөөр танхим нь ганхаж байсан түүх бий.

Гэвч, М.Энхболд эргээд хүчирхэгжсэн юм. “Хотын фракци” өмнөхөөс илүү хүчээр намын бүх шатанд орж ирсэн. 2013 онд болсон намынхаа XXVII Их хурлаар дахин ялалт байгуулж, фракциа эргээд хүчирхэг болгож байлаа. УИХ-ын дэд даргын албан тушаал түүнд ялалттай цуг иржээ. Намын генсекийн албан тушаалд өрсөлдсөн Ж.Сүхбаатар амаараа шороо үмхэж, “Үнэн” сонины эрхлэгч асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын од гийж, Н.Багабанди, Ө.Энхтүвшин, Сү.Батболд тэргүүтэн хурлаа орхин гарч, өөр газар хуралдсан гэх мэтээр юм юмтай л хурал болж байв.

Нэг дарж авсан улстөрч нь дахин эргэж боссонд, шинэчлэл бус ухралт болсон Их хурлын шийдвэрт дургүйцсэн олон улстөрч “М.Энхболдыг эргээд нам даръя” хэмээн нууцхан тохиролцсон тухай хэвлэлээр олон удаа бичигдэж байжээ. 2013 онд бугшсан тэр их уур, найруулсан төлөвлөгөө бүтэн дөрвөн жил хэрэгжсэний дүнд 2017 онд дараагийн ялагдлыг М.Энхболдод хатуухан амсуулжээ. Тодруулбал, МАН-ын XXVIII Их хурлаар тэд “60 тэрбум”-аар улс төр хийж, албан тушаалаасаа огцрохыг шаардаж тэмцсээр даргын суудлаас нь буулгаж дөнгөлөө. Зүүний хүчний холбоо энэ удаад “ёндоорч” намын даргын суудлыг гуйж биш гуядаж авлаа.

Ийнхүү хоёр дахь том ялагдлаа амсаж, намаа ялуулсан атлаа нэгхэн жилийн дараа суудлаа өгч, мөн Нийслэлийн МАН-ын даргаа ч алдах хэмжээнд хүрээд байв. Тэгвэл нэг жилийн дараа дахиад л нийслэлд тогтоосон ноёрхлоо алдлаа. М.Энхболдын фракцид одоо хотын дарга, УИХ-ын даргын суудал хоёр үлджээ. Энэ хоёроос салж гэмээнэ эргэж өндийх гэж багагүй цаг хугацааг зарцуулна. “Могой гурав тасравч гүрвэлийн дайтай” гэгчээр Миеэгийн хүү яаж өндийдөг, бас тэсдэг гэдгийг тэр харуулж байна. Гэхдээ намрын улс төр яаж өрнөхөөс, холыг харсан нүүдэл, хожил авдаг байсан өрөг дээрээ хэрхэн мад тавиулахаас түүний фракцийн хувь заяа, хувь улстөрчийнх нь карьер шалтгаалах биз ээ.