Батлан хамгаалах яамны СБТГ-ын дарга, бригадын генерал Ч.Гандирваа тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны зургаадугаар сарын 30-наас долдугаар сарын 03-ны өдрүүдэд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болсон Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалах яамд хоорондын XII дахь удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцов.
Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ч.Гандирваа БНСУ-ын талаас ҮБХЯ-ны Олон улсын бодлогын газрын дарга Ли Сын Бом нар тэргүүлсэн бол төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Т.Наранхүү, Монгол Улсаас БНСУ-д суугаа Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Э.Түшиг, БНСУ-ын ҮБХЯ-ны Зүүн Хойд азийн бодлогын хэлтсийн дарга, орлогч дарга нар оролцов.
Уулзалтаар талууд бүс нутгийн аюулгүй байдлын харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцож, өнгөрсөн 2023 онд хэрэгжүүлсэн хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, цэргийн бүхий л түвшний харилцан айлчлал, солилцоог бэхжүүлэх, хоёр талын хамтарсан дадлага сургуулийг үргэлжлүүлэх, батлан хамгаалах аж үйлдвэр, цэргийн эмнэлэг хоорондын хамтын ажиллагаа, цэргийн боловсон хүчний сургалт зэрэг асуудлуудаар санал солилцлоо.
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд бригадын генерал Ч.Гандирваа тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын ҮБХЯ-ны Бодлогын асуудал хариуцсан дэд сайд Чу Чан Рэтэй хоёр талын уулзалт хийж, хоёр талын харилцааны асуудлаар харилцсан бөгөөд дэд сайд Чу Чан Рэ хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн харилцаанд хүрэн хөгжиж буйг дурдаад энэхүү харилцаанд батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж буйг өндрөөр үнэлсэн юм.
Мөн төлөөлөгчид БНСУ-ын Цэргийн төв эмнэлэгт зочилж үйл ажиллагаатай нь танилцсан бөгөөд цаашид хоёр орны цэргийн эмнэлэг хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх талаар тохиролцов.