ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 50 мянган тонн шахмал түлш нөөцөлжээ

O.Admin
2024-07-18

2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, төвийн дүүргийн иргэдийг шахмал түлшээр хангах ажлын хүрээнд хийгдэж буй ажил арга хэмжээний асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Тавантолгой түлш ХХК, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын төлөөлөлтэй уулзлаа.

Улаанбаатар хотод 200 мянган өрх гэр хороололд амьдардаг бөгөөд эдгээр өрх жилд 500-600 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг. Тавантолгой түлш ХХК нийт 650 цэгээр дамжуулж нийслэлийн 7 дүүргийн 200 мянган өрхөд нүүрс борлуулж байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зуны улиралд 120 мянган тонн шахмал түлш нөөцөлдгөөс өнөөдрийн байдлаар 50 мянган тонн шахмал түлш нөөцөлжээ. Ирэх 9 дүгээр сард 120 мянган тонн шахмал түлш нөөцөлж дуусна гэдгийг холбогдох хүмүүс хэллээ.

Тавантолгой түлш ХХК-ийн зүгээс сайжруулсан түлш бэлтгэхдээ дотоодын барьцалдуулагч (Доломит) нэвтрүүлээд байгаагаа хэлж байлаа. Ингэснээр шаталтаас ялгарах хүхэрлэг хийг 30-50 хувь бууруулж байгааг онцоллоо.

“Таван толгойн түлш” ХХК-ийн Санхүү эдийн засгийн газрын дарга А.Батзориг: “Манай байгууллага Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, шахмал түлш үйлдвэрлэх зориулалтаар “Энержи Ресурс” ХХК-тай 2018 онд эрчим хүний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд тус компани угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсийг уурхайн агуулахаас үнэ төлбөргүй таван жилийн хугацаанд нийлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан тул шахмал түлш үйлдвэрлэхэд эрчим хүчний баяжуулсан нүүрс буюу мидлингийн нөөцийн асуудал үүсээд байна. Одоогийн байдлаар нөөцөд 230 мянган тонн мидлинг бий. Жилд 600 мянган тонн мидлинг хэрэглэдэг. Цаашид 300 мянган тонн мидлинг хэрэгтэй байгаа” гэв.

“Таван толгойн түлш” ХХК-ийн лабораторийн эрхлэгч Х.Галанбек: “Олон улсад шахмал түлшний чийгийг 10-15 хувь гэж тооцдог. Бидний үйлдвэрлэж байгаа шахмал түлшний чийг 2019 онд 10 хувьтай байсан бол 2022 оны байдлаар зургаан хувьд хүргэж бууруулаад байна. Шахмал түлшний 97-98 хувь нь эрчим хүчний баяжуулсан нүүрс буюу мидлинг үлдсэн хувь нь барьцалдуулагч байдаг. Бид шаталтаас ялгарах хүхэрлэг хийг бууруулах хүрээнд дотоодын барьцалдуулагчийг нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр: "Таван толгой ХХК-д угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс нийлүүлэх асуудлаар гэрээг сунгах, худалдан авах асуудлаар Энержи Ресурс ХХК-ийн төлөөлөлтэй, нүүрс тээвэрлэлтийн асуудлаар Монголын төмөр зам ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулъя. “Таван толгойн түлш” ХХК-ийн зүгээс төсвийн судалгааг хийж танилцуул" гэлээ.

Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд агаар орчны бохирдлыг бууруулах, шахмал түлшний нөөц бэлтгэх ажлыг эрчимжүүлж ажиллахыг үүрэгдлээ.