ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ус тогтсон нийт 20 дуудлага, мэдээллийн дагуу 28 байршилд ажиллалаа

O.Admin
2024-07-22

Улаанбаатар хотод долоодугаар 20-ны 22:00 цагаас үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт ус тогтсон 20 дуудлага, мэдээлэл ирснээс 28 байршилд хариу арга хэмжээ авч ажилласан байна. Мөн долоодугаар сарын 22, 23-нд бороо орох төлөвтэй байгаа тул авч хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбатаас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод долоодугаар сарын 20-ны 22:00 цагаас эхлэн үргэлжлэн орсон борооны улмаас ус тогтсон нийт 20 дуудлага, мэдээллийн дагуу 28 байршилд нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагын нийт 220 ажилтан, алба хаагч 71 машин техниктэйгээр ажиллаж 14,403 тонн ус соруулсан. Мөн 540 ширхэг шуудайтай элсээр 300 метр далан босгон, 300 метр суваг, шуудуу татаж, тогтоол усанд боогдсон 20 иргэнийг аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргаж, дөрвөн дуудлага, мэдээлэл дээр заавар, зөвлөмж өгч ажилласан. Ойрын өдрүүдэд тур зуурын бороо орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэв.

Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард нийслэлийн Онцгой байдлын газраас Монголын cууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл (МСӨХДЗ), Сууц өмчлөгчдийн холбоодод үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх арга зам, анхан шатны арга хэмжээний талаар сургалт орсон байна. Уг заавар, зөвлөмжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, СӨХ-оод өөрсдийн эд хөрөнгөдөө хариуцлагатай хандвал үер, усны эрсдэлээс сэргийлэх бүрэн боломжтой. Мөн Улаанбаатар хотод баяр наадмын өдрүүдэд гурван том хүн, хоёр хүүхэд нийт таван иргэн золгүй байдлаар усанд осолдож, эндсэн. Долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа бөгөөд аялал, зугаалгын улирал үргэлжилж байгаа тул гол усны аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай гэдгийг онцолж байв.