Манай улсад энэ жил түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдсэн. Гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор өрөөний хуваарилалт, засал чимэглэлийн ажил ч ид ундарч буй.
Тэгвэл Төрийн ордон дахь 461 дугаартай өрөөг цөөнгүй гишүүд голжээ. Цагдан хорих 461 дүгээр ангитай зүйрлэж бодсон уу, эсвэл зүгээр л зүсээр нь голчихов уу ямартай ч эл дугаартай өрөөнд орох гишүүн олдохгүй болж эцэстээ Х.Баасанжаргал гишүүнд ногдсон сурагтай.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ч энэ тухайгаа нүүр номондоо хуваалцаад амжив. Тэрбээр “Дугаараасаа болж хэд хэдэн хүнд гологдож ирсэн өрөө минь. Хүнийг, амьтаныг зүсээр нь, гарал үүслээр (олон доо) нь голж шилдэг бид ямар ч амьгүй тоог хүртэл голох, ялгаварлан гадуурхах болж дээ
461 гэдэг тоо хуульч бидний хувьд ажил амьдрал минь өрнөдөг нэг л төрлийн ажлын байр. Зүглэхэд цээртэй боловч төрийн үйл хэрэг өдөр тутам явагдаж, олон сайхан аавын хүү зөв замдаа ороод гарсан газар. Тэр ч байтугай хүүхэд тогтохгүй эмэгтэй ороод гарахад дом болдог гэж сүсэглэдэг. Би бол өрөөтэй болсондоо бөөн баяр, өмгөөлөгчийн ажлын утга учрыг мэдэрч байсан газартай (Цагдан хорих 461-р хаалттай анги) ижил дугаартай болохоор нь голох биш билэгшээж орлоо. Нийт ард түмэндээ өргөсөн тангарагатаа үнэнч байна аа" гэжээ.