УИХ-ын сонгуулиар 40 гаруй суудал авч, улмаар хамтарсан Засгийн газарт ороод удаагүй байгаа АН-ынхан дотооддоо зөрчилдөж эхэлсэн бололтой. Тухайлбал, МоАХ-ны цөөнгүй улстөрчид Лу.Гантөмөрийг АН-ын даргаас чөлөөлөх эс бөгөөс өөрсдийн хүмүүсээ албан тушаалд тавиулахаар бойкот үзүүлж, хамтарсан Засгийн газарт орох ёсгүй, хууль бусаар хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа хэмээн эсэргүүцэж эхэлжээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “АН-ын бүлгийн гишүүд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, гэрээг хэлэлцээд сууж байтал АН-ын намын дарга нар гүйж очоод гэрээг батлаад гарын үсэг зурчихлаа. Бүлэг эсрэг шийдвэртэй. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бүлэг хариуцлага хүлээхгүй” хэмээн мэдэгдэв.
Нөгөө талд харин Л.Гантөмөрт ойрхон байгаа бүлэглэл, фракцийнхан Х.Баттулгын хүмүүсийг албан тушаалаас нь буулгахаар зүтгэж буй бөгөөд Х.Баттулгын дэмжлэгтэй Нийслэлийн АН-ын даргын албан тушаалд очсон Т.Батцогтыг огцруулах нь ээ гэсэн яриа саарал ордонд гараад байна. Х.Баттулгын фракцийнхан ордон доторх улс төрд нэлээд ялагдаж яваа нь тодорхой бөгөөд бүлгийн хоёр Дэд даргын томилгоонд ч нөлөөлж чадалгүйгээр Х.Тэмүүжин, Б.Жаргалан нарт суудлаа алдсан. Мөн АН-ын бүлгийн ажлын албаны даргын суудалд ч дэмжлэг авч чадахгүй байгаа бололтой. Энэ тохиолдолд Т.Батцогт орон нутгийн сонгууль дуустал буюу аравдугаар сарын 13 хүртэл албан тушаалдаа тогтож чадах эсэх нь эргэлзээтэй болоод байна.