ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Наранбаяр: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 1000 төгрөгийг эцэг эх өөрсдөө төлнө

O.Admin
2024-08-15

Боловсролын сайд П.Наранбаяр хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын дүнг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, хуульд заасны дагуу эцэг эх, асран хамгаалагчаас гаргуулах талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын тогтоол гарч, хүүхдийн хоолны мөнгө 500 төгрөгөөр нэмэгдсэн. Ингэснээр хоол хийх түүхий эдийн зардал 2500-3000 төгрөг болсон. Мөнгөн дүн нэмэгдсэнээр хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн хэмжээ 52, 53 хувьтай болсон билээ. Гэхдээ хүүхдүүдийн гэдэс хонхолзсон хэвээр. 1000 төгрөгөөр нэмэгдсэнээр тэдний авах шим тэжээл 70 гаруй хувьд хүрнэ.

Сард 22 өдөр хүүхдээ цэцэрлэгт өглөө гэж тооцвол 22000 төгрөг буюу хоол хийх түүхий эдийнх нь зардлыг нэмэгдүүлэх юм. Ингэснээр хүүхэд цадах хэмжээндээ хүртэл хоол идэх боломжтой болно. Таны тушаасан 1000 төгрөг хүүхдэд тань зориулагдана. Зорилтот бүлгийн өрхийн хүүхдийн зардлыг төр хариуцна" гэсэн юм.

Мөн 2025-2026 оны хичээлийн жилээс поло цамцыг ЕБС-ийн дүрэмт хувцасны сонголтод оруулах, нэгдүгээр ангийн сурагчдыг харандаагаар бичүүлж, хүүхдэд алдах, алдаагаа залруулах эрхийг нь олгох, цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш нарын 20 хүртэл хувийг хамран сургах тойрогт шилжүүлэн ажиллуулах, гүйцэтгэлийн үнэлгээнд багшийн өөрийн үнэлгээг оруулж ирэх, цаашид гүйцэтгэлийн үнэлгээг оновчтой хэлбэрт шилжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. 

Их сургуулиудын ректор томилох болон бусад дотоод асуудлыг Удирдах зөвлөл нь шийдэх ба Боловсролын яам сургуулийн дотоод асуудалд оролцохгүй гэв. 

Боловсролын салбар дахь гадаад хамтын ажиллагааны хүрээнд:

-БНХАУ: Шинжлэх ухаан, технологийн цогцолбор сургууль байгуулна.

-АНУ: МУИС-ийн дэргэд Англофон төв нээхээр болжээ. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 35 сургуулийн барилгаас 12-ыг хугацаанаас нь өмнө буюу есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар 2024 оны төсвийн тодотголд тусган ажиллаж байна гэлээ.

Түүнчлэн, хичээлийн шинэ жилийн нээлтийг нүсэр бус төсөр хэлбэрт шилжүүлэх, есдүгээр сарын 01-ны ням гарагт СӨБ болон 1-р анги, 6-р ангийн сурагчид, эцэг, эхчүүд цэцэрлэг, сургуулийн орчинтой танилцах, нээлттэй өдөрлөг байдлаар эхлүүлэх, хоёрны өдөр буюу даваа гарагаас хичээл, сургалтын үйл ажиллагааг шууд эхлүүлэх, Мэргэжлийн, техникийн болон дээд боловсролын сургалтын байгууллага даваа гарагт нээлтийн үйл ажиллагааг, орон нутгийн бодлого, чиглэлтэй уялдуулж сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх. Тухайлбал, түгжрэлтэй холбоотой авах арга хэмжээний хүрээнд цагийн зохицуулалт хийх зэрэг орно гэв.