ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийн нээлт боллоо

O.Admin
2024-08-16

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тайж Хайрхан” уулын бэлд 08 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Фестивалийг УИХ, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин нээж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын БСШУС-ын Байнгын хорооны дарга Ч.Ундрам нар мэндчилгээ дэвшүүлэв.

Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг нээж Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин: 

“Монголчууд бидний өвөг дээдэс Төв Азийн өндөрлөгт хэдэн мянганы турш аж төрөхдөө  байгаль, эх дэлхийнхээ сүр хүчийг шүтэн, мал сүргээ цагийн аяст нийцүүлэн адгуулж, усны тунгалаг, ургамлын шимтэй газар орноор нүүдэллэн нутаглаж, ирсэн билээ.

Нүүдлийн ахуйг дагасан энэхүү өвөрмөц соёлын илэрхийллүүд нь эртний уламжлалт хэв шинжээ алдалгүй, олон зуун жил тогтвортой оршин тогтнохын зэрэгцээ шинэ агуулгаар сэлгэгдэн хувьсан өөрчлөгдөж, баяжиж хөгжсөөр нүүдлийн соёл, иргэншлийн үнэт зүйлийн сан хөмрөгийг бүрдүүлэн өнөөдөртэй золгосон.

 

Нүүдлийн соёл иргэншил бол зөвхөн хүн байгалийн харилцан шүтэлцээ төдий юмс үзэгдэл бус юм, түүний мөн чанарт нийгмийн тогтвортой хөгжлийг хангах шавхагдашгүй нөөц хадгалагдаж байдаг. Бид энэхүү нөөцийг таньж мэдэх, ахуй амьдралдаа хэрэглэх нь хүн төрөлхтний өмнө сорилт болон тулгараад байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, өлсгөлөн, үндэстэн угсаатны зөрчил мөргөлдөөн зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:

“Эртний тахилгат Богд хан уулын наран мандах зүүн урд зүгт байрлах “Тайж” хайрханы бэлд хуран цугларсан эрхэм хүндэт соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид, гадаад дотоодын зочид төлөөлөгчид, хатагтай ноёд Та бүхэндээ намрын эхэн сарын налгар сайхан өдрийн мэндийг дэвшүүлье.

Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр “Тайж” хайрханы бэлд зохион байгуулагдаж байгаа энэхүү фестиваль нь ард иргэд, өвлөн уламжлагчид, үзэгч сонирхогчдод өөр хоорондоо харилцан адилгүй газар газрын соёлын илэрхийллийн өвөрмөц хэв шинжүүдийг нэг дороос үзэх боломжийг олгож, үндэсний түүх соёл, өв уламжлал, ёс заншлаараа бахархах, харилцан суралцах, хүндэтгэх, хайрлах үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чухал арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна.

Фестивалийг бэлтгэлийг хангах, зохион байгуулах амаргүй ажлыг хариуцан ажилласан төрийн болон орон нутгийн байгууллагын хамт олон, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн бүх оролцогч талуудад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.

Энэ удаагийн “Нүүдэлчин” фестивалийг соёлын биет бус өвийн фестивальд 12 улсын 140 гаруй гадаад оролцогч өөрсдийн уламжлалт соёлоо сурталчлан оролцохоос гадна Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс 1000 орчим өвлөн уламжлагчид, салбарын 150 гаруй байгууллага оролцож, соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрлөөр 780 хөтөлбөрт арга хэмжээг толилуулах юм.

 УИХ-ын гишүүн, УИХ-ын БСШУС-ын Байнгын хорооны дарга Ч.Ундрам:

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нь ойрын ирээдүйд дэлхий дахины нүүдлийн ахуй соёл, өв уламжлалыг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, тогтвортой хөгжүүлэх арга хэмжээ болохоос гадна хүмүүсийн хамтдаа суралцах, хамтдаа хөгжих, хамтдаа манлайлах олон улсын гол талбар болж, өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо энэхүү фестивалийг хөгжүүлэх болон нүүдлийн ахуй соёл, өв уламжлалын оршин тогтнох чадварыг хамгаалах, хөгжүүлэх, өвлөн уламжлагчдыг дэмжиж ирсэн төрийн бодлогыг залгамжлан үргэлжлүүлж, эрх зүйн илүү таатай орчныг бүрдүүлэх, улс орныг хөгжүүлэх бодлогын түвшинд дэмжлэг үзүүлж ажиллах болно” гэлээ.

Монгол Улсын Засгийн газар 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 41 дүгээр тогтоол гарган, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг жил бүр тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд гурван өдрийн туршид буюу энэ сарын 18-ны өдрийг дуустал зохион байгуулагдана.