Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын хугацаат цэргийн алба хаагчид цэргийн албыг хаангаа их, дээд сургуульдаа цахимаар суралцаж, элсэлтийн ерөнхий шалгалтад өөрийгөө бэлтгэн, хүссэн их, дээд сургуульдаа элсэх боломж байдгийг цөөнгүй түрүүч, байлдагч нар үлгэрлэн харуулсаар байна.
Үүний үргэлжлэл болж Увс аймгийн Түргэн сумаас хугацаат цэргийн албанд татагдсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Г.Гүнтэв элсэлтийн ерөнхий шалгалтад өгсөн оноогоороо ҮБХИС-ийн ЦНДС-д элсэж, цэргийн авто техникийн ашиглалтын инженер мэргэжлээр суралцахаар болсон баяртай мэдээг ирүүлэв.
Үүгээр ч зогсохгүй түүний онжав, Увс аймгийн Улаангом сумаас татагдсан байлдагч Б.Зоригтсан “Этүгэн” их сургууль элсэж, хүссэн мэргэжлээрээ суралцахаар болсон байна. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхан алс хязгаар, баруун нутагт алслагдмал гэх бэрхшээл тоочилгүй хугацаат хугацаат цэргийн алба хаагчдадаа цахимаар суралцах, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлж, жил бүр эгнээсээ сонсогч, оюутан “төрүүлдэг” уламжлалтай хамт олон юм.
Сүүлийн жилүүдээс онцолбол 2022 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас татагдсан байлдагч Б.Нацагдорж Дотоод хэргийн Их сургууль, 2023 онд Ховд аймгийн Дарви сумаас татагдсан байлдагч Б.Цолмон ҮБХИС-ийн ЦНДС-ийн радиотехникийн команд мэргэжлээр тус тус элсэж, хугацаат цэргийн албанаас мэргэжлээ сонгож, элсэн суралцах хүсэл мөрөөдлөө ч биелүүлж чадсан байна.