ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл нуураас татан гаргасан техникүүдийг орон нутагт нь хүлээлгэн өглөө

O.Admin
2024-08-30

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлагаар 2021-2024 онуудад зохион байгуулагдсан Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажиллагааг дуусгаж, татан гаргасан машин, техникийг орон нутагт хүлээлгэн өгөх ажиллагаа өчигдөр боллоо.

Тус ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, ЗХЖШ-ын Барилга инженерийн цэргийн удирдах газрын мэргэжилтэн, хурандаа М.Батболд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, аймаг, орон нутгийн холбогдох удирдлагууд оролцсон юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөвсгөл нуурын 33.4-171 метрийн гүнээс нийтдээ 11 автомашин, техникийг татан гаргаж, 50 орчим тн бохирдол шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож, Хөвсгөл нуурыг бохирдох эрсдэлээс хамгаалж чадлаа.

Ажлын хэсэгт ОБЕГ, ЗХЖШ, ШУТИС, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, 113, 115, 119, 123 дугаар анги, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр анги, Геомастер компанийн хайгуул, судалгааны багийн ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн юм.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Анх Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар хөлөг онгоц”-ыг татан гаргахад Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэд маань олон улсын жишигт нийцүүлэн Монгол Улсын боломжид тулгуурлан монгол эрдэмтэн, инженерүүдийн арга ухааныг шингээсэн ажиллагааг гүйцэтгэх технологийн картыг боловсруулж, татан гаргах байгууламжийг угсарч энэхүү ажиллагааг гүйцэтгэсэн нь Монгол Улсын хэмжээнд анхны бөгөөд түүхэн үйл явдал болж байсныг эргэн санахад таатай байна.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд нуурт живсэн нийт 11 тээврийн хэрэгсэл, түүнд агуулагдаж байсан шатахуун, тос, тосолгооны материал болон бусад аюултай хог хаягдлыг татан гаргаснаар та бид Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулж, экосистемийг хамгаалахаас гадна олон ололт амжилт, туршлага хуримтлууллаа” хэмээн онцоллоо.