ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хотын нэгдсэн стандартын гуравдугаар хэсгийн төслийг хэлэлцлээ

O.Admin
2024-09-19

Нийслэлийн удирдлагаас Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулж, хотыг нэгдсэн стандарттай болгохоор тусгасан билээ. Улаанбаатар хотод нийт 22 бүлэг, 97 стандартыг мөрдөхөөр төлөвлөж буй. Үүнээс 2022 оны аравдугаар сарын 1-нээс 38 стандарт хэрэгжиж эхэлсэн. 

Тэгвэл нэгдсэн стандартын гуравдугаар хэсэг буюу 9 бүлгийн 20 стандартын төслийг боловсруулсан. Эдгээр төслийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулах, мэргэжлийн бүх байгууллагын саналыг тусгах, оролцогч талуудын үндэслэл бүхий саналыг тусган цаг үеийн шаардлагад нийцүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, олон нийтийн дунд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр байгаль орчинд ээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц, гудамж, зам, барилга байгууламжийн хаягжилт, нийгмийн аюулгүй байдал, барилгын материал зэрэг 20 стандартын төслийг товч танилцуулж, холбогдох байгууллага, иргэдийн саналыг сонссон юм.

Мөн стандартуудын төслийг Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомж, гаднын улс орнуудын сайн жишигт нийцүүлэн, хялбар, хүртээмжтэй байлгахад онцгой анхаарсан талаар хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох нэгж, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл 200 орчим хүн оролцож, санал, бодлоо хуваалцаж байна. Эдгээр стандарт нь хотод амьдарч буй хэн бүхний хувьд ая тухтай, эрүүл, аюулгүй орчныг цогцлоох, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хотын өнгө төрхийг эмх цэгцтэй болгох үндсэн суурь болно гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.