Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд явган зам хүрэлцээгүйн улмаас тухайн байршлын 1000 гаруй иргэн, 700 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэг, ажилдаа Драгон төвийн урд талд автомашины хөдөлгөөн ихтэй замаар зорчдог байсан. Энэ асуудлыг шийдэх талаар иргэдээс гомдол их ирдэг байсан тул нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус байршил дахь “Жем Интернэшнл” ХХК, “Сүлжээ” ХХК, “Талх Чихэр” ХК-тай зөвшилцөж, нийгмийн хариуцлагын хүрээнд талбай чөлөөлүүлэхээр боллоо. Ийнхүү “Сүлжээ” ХХК буюу хүмүүсийн хэлж заншсанаар Сүлжмэлийн үйлдвэрийн хойгуур явган зам тавих юм.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Ариунзаяа “Манай байгууллагаас “Жем Интернэшнл” ХХК, “Сүлжээ” ХХК, “Талх Чихэр” ХК-нд нийгмийн зайлшгүй хэрэгцээнд тулгуурлан газар чөлөөлөлт хийх шаардлагатай талаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Тухайн аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшил газрын эргэлтийн цэгийн хамгийн захын хэсгээс дөрвөн метр хүртэлх талбайг чөлөөлөх боломжтой гэсэн. Газар чөлөөлөлтийг хийсний дараа тухайн байршилд стандартад нийцсэн 1.5 метр өргөн явган замын ажлыг эхэлнэ. Тус хорооны иргэдийн хүүхдүүд өмнө нь сургууль, цэцэрлэгтээ явахдаа 1.2 км замыг туулдаг байсан бол шинэ явган зам тавьсны дараа 400 метр замыг аюулгүй туулж, зорьсон газартаа хүрэх боломжтой боллоо” гэв.