ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД" олон улсын циркчдийн хамтарсан цоо шинэ тоглолт тун удахгүй нээлтээ хийнэ

O.Admin
3 цагийн өмнө

Өнгөрсөн дөрөвдүгээр сард "ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД" тоглолт гадаадын болон дотоодын 250 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр нийт 20 удаа тоглон Монголын үзэгчдээс өндөр үнэлгээ авч амжилттай өндөрлөсөн билээ.

Тус тоглолтод сургуультай арслан, барнууд болон ховор үүлдрийн пудель нохойнууд ирж тоглосон бол энэ удаад дэлхийд ганцхан гэгдэх ОХУ-ын Юрий Никулины нэрэмжит Москвагийн циркийн сургуультай баавгайнууд болон нохойнууд ирж байгаагаараа онцлог болох нь ээ.

Тоглолтод АНУ, ИСПАНИ, УКРАЙН, БНХАУ, УНГАР, ОХУ, МОНГОЛ, ЯКУТ, БЕЛАРУС зэрэг 9 орны жүжигчид хүрэлцэн ирэх бөгөөд нийт 114 уран бүтээлчид оролцох юм. Түүнчлэн тоглолтын найруулагчаар ОХУ- ын Москва хотын циркийн найруулагч Димитрий Чернов уригдан ажиллах бөгөөд ерөнхий продюсерээр Олон Улсын циркчдийн тэмцээний шүүгч Н.Эрдэнэ ажиллах юм.

Монгол Улсад анх удаа хоёр манежтай (тайз) циркийн тоглолтыг Steppe arena- Мөсөн ордонд зохион байгуулж олон улсын нэр хүнд, чансаа өндөртэй олон тооны циркийн жүжигчдийг нэг дор цуглуулж өнөөгийн циркийн хөгжлийн өнгө төрхийг Монголын үзэгчдэд хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд цэвэрхэн тав тухтай орчин, мэргэжлийн баг, хүрэлцэхүйц олон тооны авто зогсоол, бие засах газрын хүртээмж зэрэг нь олон улсын стандартыг хангасан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байгаа юм.

"ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД" тоглолт 10 сарын 5-нд Steppe Arena-Мөсөн ордонд нээлтээ хийх бөгөөд зөвхөн амралтын өдрүүдэд нийт 8 өдөр тоглох юм байна. Тасалбарын хувьд өмнөх тоглолтын адил 20.000, 30.000, 40.000, 50.000 төгрөгний үнэтэй хэвээрээ бөгөөд Emart худалдааны төвийн 1 давхраас болон Ticket.mn сайтаас онлайнаар худалдаж авах боломжтой гэнэ.