ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүнд хиймэл, гар хөл үнэ төлбөргүй хийж өгнө

O.Admin
2024-09-27

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Энэтхэг-Монголын эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвтэй хамтран Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Жайпур фут” төслийг 2024 оны есдүгээр сарын 25-наас арваннэгдүгээр сарын 9 хүртэл хэрэгжүүлэхээр болж Энэтхэг Улсаас мэргэжилтнүүд Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.

Төслийн хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс 600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүнд хиймэл, гар хөл үнэ төлбөргүй хийж өгөх бөгөөд энэ арга хэмжээг Сонсголонд байрлалтай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд зохион байгуулж байна.

Энэтхэг Улсын хүмүүнлэгийн байгууллага болох BVMSS нь Жайпур фут төcлийг дэлхийн 21 оронд хэрэгжүүлж, 2 сая гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хиймэл хөл, гар хийж, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлсэн олон улсын нэр хүнд бүхий байгууллага юм.

Энэтхэг Улсын мэргэжилтнүүдтэй Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Протез, ортопедийн үйлдвэр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн протезийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж, шинэ технологийг суралцана.

Төслийн хүрээнд өдөрт 15 орчим хүнд хөл, гарын протез хийх бөгөөд протезийн арчилгаа, сэргээн засах сургалт, хөдөлгөөн засал, гэмтлийн дараах стресс зэрэг сургалтын үйл ажиллагааг өдөр бүр зохион байгуулах юм.