Монгол улсын Засгийн газраас 2019 онд E-Mongolia төслийг санаачлан хэрэгжүүлж 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор иргэдийн хамгийн их авдаг 23 байгууллагын 181 үйлчилгээг гар утаснаасаа авах боломжийг бүрдүүлсэн системийг танилцуулж байсан бол 4 жилийн хугацаанд 86 байгууллагын 1252 үйлчилгээг цахимаар авах боломжтой болж өргөжөөд байна.
E-Mongolia төсөл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жил бүр иргэдэд шинэчилсэн хувилбаруудаа танилцуулдаг. Энэ оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг E-Mongolia 4.0 хувилбараа танилцуулсан билээ. Өнгөрсөн хугацаанд бид бүхний нэвтрүүлсэн онцлох үйлчилгээг дурдвал,
- Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд E-Mongolia 4.0 хувилбараар эрүүл мэндийн цогц үйлчилгээг нэвтрүүлсэн.
- Бизнес салбарын үйлчилгээг цогцлоосон E-Business системийг нээж хуулийн этгээд үүсгэн байгуулахаас эхлээд татан буулгах хүртэл бүх шатыг цахимжуулж, бүх төрлийн тусгай зөвшөөрөл хүсэх, сунгах шийдлүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн.
- Оюутан залуусыг дэмжих ажлын хүрээнд оюутан танд цэс болон оюутны цахим картыг цахимаар авах боломжийг бий болгож залууст зориулсан үйлчилгээг санал болгодог болсон.
- Хүүхэд хамгааллын чиглэлээр E-Kids цэсийг нэмснээр хүүхдүүд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганцхан товчлуур ашиглан ээж аавдаа мэдэгдэл явуулах боломжтой төдийгүй өөрийн байгаа газрынхаа 3 үгт хаягийг илгээх, цахим гадуурхал, гэмт хэргийн шинжтэй тохиолдол илэрвэл Цагдаагийн ерөнхий газарт зургийн хамт мэдээлэл шууд илгээх боломжийг бий болгосон.
- Иргэдэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэлээр үер усны мэдэгдэл, угаарын хийн мэдрэгчийн мэдээллийг ухаалаг мэдэгдэл хүргэх системийн тусламжтай хүргэдэг боллоо.
E-Mongolia системийг хэрэглэж буй хүн бүхний хэрэглээний онцлогт зориулан олон улсын WCAG стандартыг бүрэн нэвтрүүлсэн эхний систем боллоо. Мөн өөрийн авах үйлчилгээгээ дуу хоолойгоо ашиглан хайх боломжийг хиймэл оюунд тулгуурлан бий болгосноор хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж байгаа төдийгүй харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан буюу өнгөний код, аудио хувилбартай болсон. Мөн иргэдэд ашиглахад хялбар, зардалгүй болгох зорилгоор Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн дэмжлэгтэйгээр дата үнэ төлбөргүй болсон нь илүү хүртээмжтэй ашиглах боломжийг бүрдүүлээд байна.
Түүнчлэн зээл авах, виз мэдүүлэх, бичиг баримт захиалахад шаардлагатай лавлагаа тодорхойлолтуудыг иргэдийн хэрэгцээнд тулгуурлан багцалсан үйлчилгээнүүд хэлбэрээр санал болгодог болов. Цахим шилжилтийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгож, юун түрүүнд төрийн үйлчилгээний цахим системүүдийг өөрчлөн хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа бөгөөд эхнээсээ ийнхүү бодит ажил болон хэрэгжиж байна.
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia 1.0 хувилбар дээр 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулж эхэлсэн бол өдгөө төрийн 86 байгууллагын 1252 үйлчилгээг нэвтрүүлээд байгаа юм.
НҮБ-аас хоёр жил тутамд “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийг шинэчлэн гаргадаг. Монгол Улсын хувьд өмнө нь НҮБ-ын гишүүн 193 орноос 2018, 2020 онд 92-р байрт, 2022 онд 74 дүгээр байрт эрэмбэлэгдсэн бол 2024 оны байдлаар 28 байраар урагшилж 46 дугаар байрт ороход E-Mongolia систем багагүй хувь нэмэр орууллаа.
Бид 4 жилийн хугацаанд 1,935,720 хэрэглэгчдэд 57 сая удаагийн үйлчилгээг амжилттай үзүүлж Цахим ур чадварын газраас 848 удаагийн давтамжтай, 1843 цагийн цахим ур чадварын сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулж 21 аймаг, 9 дүүргийн нийт 67750 иргэд, төрийн албан хаагчдыг хамруулжээ.
Цаашид E-Mongolia системд иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан түлхүү хэрэглэгдэх, зайлшгүй шаардлагатай үйлчилгээнүүдийг цаг алдалгүй нэвтрүүлэхээс гадна зорилтот бүлгийн хүмүүс, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ашиглуулж сургах, цахим ур чадвар олгох, E-Mongolia системийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллах юм.
Дөрвөн жилийн хугацаанд бидэнтэй хамт байсан цахим хөгжлийг түүчээлэгч иргэд та бүхэндээ баярлалаа.