ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: Цэц ард түмнийг доромжилсон шийдвэр гаргасан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-01

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, бүлгийн хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ж.Батзандан нарын гишүүдэд мэдээлэл өгсөн юм. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн Монгол Улсад тогтолцооны хямрал нүүрлээд байна. Нийгэм эдийн засгийн эрс шинэчлэл хийх зайлшгүй шаардлага буй болсон байна гэдэгтэй бүлгийн гишүүд санал нэгдлээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал олон жил яригдаж байгаа боловч өнөөдөр УИХ -ын дарга, Ерөнхийлөгч хоёрын зарчмын ялгаатай байр суурь илэрхийлсэн. Тиймээс энэ асуудал дээр УИХ дахь АН-ын бүлэг дүгнэлтээ хийх шаардлагатай. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ажлын хэсгийг УИХ-аас байгуулаад, гурав дахь жилдээ ажиллаж байна.

Энэ ажлын хэсгийн хүрээнд хийгдэж байгаа ажил буюу Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар байр сууриа бүлэг тодорхой илэрхийлсээр ирсэн. Тодруулбал, Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгаа ч батлах процесс нь буруу байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Ард нийтийн санал асуулга явуулж, цаашид хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа. Ерөнхийлөгч өнөөдөр хэлсэн үгэндээ анх удаа шинэ Үндсэн хуулийн тухай асуудлыг хөндөж гаргаж байна.

Шинэ Үндсэн хуулиар Монгол Улсын улс төрийн, нийгэм эдийн засгийн тогтолцоо, засаглалын тогтолцоо ямар байх эсэх өөрийн байр суурийг илэрхийллээ гэж харж байна. Үүнийг бид цаашид мэргэжлийн төвшинд судалж үзээдхяналт шинжилгээ хийж, Ардчилсан намын бүлэг байр сууриа тодорхой болгох болно.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хуулийн хугацаанд буюу долоо хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой. Түүнчлэн Засгийн газрын гишүүнийг хэлэлцэх асуудал нь өөрөө Засгийн газрын тухай хууль зөрчсөн гэдэг асуудлаар бид өмнө нь байр сууриа илэрхийлсэн. Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Засгийн асуудлыг УИХ 30 хоногийн дотор хэлэлцэх хуулийн хугацаатай. Гэтэл энэ хууль зөрчигдөж байгаа. Энэ асуудлыг миний бие УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр илэрхийлсэн.

Тиймээс энэ долоо хоногт яаралтайгаар Засгийн газрын гишүүний асуудлыг Засгийн газар өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцэх шаардлагатай байгааг олонхийн бүлэг, Засгийн газарт сануулж байна” гэв. Мөн АН-ын бүлгээс Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгосон Цэцийн шийдвэр улс төрийн зорилготой гэж дүгнэжээ. Эрх баригч нам 42 дугаар тойргийн сонгогчийн эрхийг зөрчсөн. Монголын нийт ард түмнийг доромжилсон шийдвэр гаргалаа гэж бүлгийн гишүүд санал нэгдсэн аж. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа 2019 оны төсөв болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

Тэрбээр, “Гадаад зах зээл дээр таатай нөхцөл бий болж, өргөтгөсөн санхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төсвийн орлого нааштай байгаа ч анхаарах зүйл олон байна. Товчхондоо энэ Засгийн газар маш их мөнгөтэй баян Засгийн газар. Харамсалтай нь ард түмэндээ ямар ч өгөөжгүй, үрэлгэн бодлого явуулж байгаа. Учир нь төсвийн орлого маш их нэмэгдэж эдийн засагт өсөлт гарсан гэж байгаа боловч өсөлт нь ард түмэн, аж ахуйн нэгжид хүртээлгүй байна. Зөвхөн төгрөгийн ам.доллартой харьцах ханшны өсөлтөөс болоод, ам.доллар тутмаас 602 төгрөг алдаж байна. 2016 оны зургадугаар сарын байдлаар 1950 байсан ханш өнөөдөр 2552 болсон. Өөрөөр хэлбэл, 602 төгрөгөөр төгрөг суларсан байна. Хоёрдугаарт, 2016 оны зургадугаар сард 1.2 хувьтай байсан инфляци 8.8 хувьтай буюу 6.6 хувиар инфляц өссөн. Энэ нь 10000 төгрөгөөр худалдаж авдаг байсан зүйлээ ард түмэн өнөөдөр 16600 төгрөгөөр худалдаж авдаг болсон байна. Бензин шатахууны тухайд АИ 92 бензиний үнэ 1530 байсан бол 1820 төгрөг болж 19 хувиар, АИ95 бензин 25 хувь, дизель 30 хувь, хүнсний үнийн индекс 26 хувиар тус тус өссөн. Тэгвэл эрх баригчид иргэн, аж ахуйн нэгжид ямар ч өгөөжгүй эдийн засгийн таатай макро үзүүлэлтүүдийг ярьж байна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өр, Монгол Улсын гадаад өрийг 70 гаруй хувиас 60 гаруй хувь болж буурсан гэж хувиар нь илэрхийлж ард түмний хуурч байна. Гэтэл бодит үнийн дүнгээрээ өссөн. Тодруулбал, Засгийн газрын өр 16 их наяд 612 байсан бол одоо 22 их наяд 642 болж зургаан их наядаар өссөн. Монгол Улсын ам.доллараар илэрхийлэгддэг гадаад өр 24.2 тэрбум байсан бол одоо 27.7 тэрбум буюу 3.5 тэрбум ам.доллараар өссөн байна” гэв.