ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Энхийг сахиулагчид эх орондоо иржээ

O.Admin
2024-11-04

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр Чингис хааны одонт Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчид ажиллагааны газар орноос эх орондоо ирлээ. “Монгол цэрэг XIII зуунд байлдах урлагаар дэлхийн дайчин болсон бол XXI зуунд энхийн үйлсээр энэ дэлхийн харуул болжээ” гэж Ардын багш, хэл бичгийн шинжлэх ухааны доктор С.Дулам өгүүлсэнчлэн монголчуудын бахархалт энэ өдрөөр энх цагийн бахархалт хөвгүүд, охид эх орондоо ирсэн нь сайхан учрал тохиол байв.

БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн гуравдугаар цуврааны энхийг сахиулагчдыг Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга хурандаа С.Баяр-Очир, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав нар угтан авч, баяр хүргэсэн юм. Хурандаа С.Баяр-Очир энхийг сахиулагчдыг тээвэрлэн авчирсан “МИАТ” ТӨХК-ийн “Чингис хаан” онгоцны хөлгийн ахмад Б.Очирбатаар ахлуулсан нисгэгчдэд чин сэтгэлийн талархал дэвшүүлж, үргэлжлүүлэн офицер, ахлагч бүрт баяр хүргэж, эх орондоо тавтай морилохыг урилаа.

Тэрээр баяр хүргэхийн зэрэгцээ цэргийг багийн удирдлага, бусад хамт олноо дөрөвдүгээр цувраагаар эх орондоо ирэх хүртэл сахилга хариуцлагатай байж, халуун орноос ирсний хувьд эрүүл мэнддээ ч давхар анхаарахыг захив. Мөн урьдын адилаар Зоонозын өвчин судлалын Үндэсний төвийн эмч нар халуун оронд түгээмэл тохиолддог өвчин, түүний хам шинж, илрэх шинж тэмдгийн талаар мэдээлэл хүргэж, түүврийн аргаар 50 энхийг сахиулагчаас хумхаа өвчний шинжилгээ авахад цөм сөрөг буюу эрүүл гэж гарлаа.

Энэ өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII болон XIV мотобуудлагын батальоны ажил үүргийг хүлээлцүүлсэн ЗХЖШ-ын БСТГ-ын дарга бригадын генерал С.Ванчинхүү тэргүүтэй Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон комиссын гишүүд эх орондоо ирсэн юм.

Энхийг сахиулагчдынхаа сэтгэгдлээс хуваалцахад хошууч Н.Дамдиндорж (327) “Салааны захирагчаар үүрэг гүйцэтгэлээ. Нэг жилийн хугацаанд аль болох хамгийн сайн зөвлөгч нь байхыг хичээсэн. Хүний газар, гэр бүл, хайртай бүхнээсээ хол үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд бүрэлдэхүүндээ тушаал, шийдвэр биелүүлэхийг үүрэгдэх хатуу зарчмаас илүү ярилцаж зөвшилцөх, санал сэтгэгдлийг нь сонсох, ойлгуулахад чиглэж ажиллалаа. Эх орондоо ирэх гайхамшигтай сайхан байна. Онгоцонд нойр ч хүрсэнгүй, гэгэлзлээ” гээд аав Б.Норов, ээж Л.Гонгор, хань С.Уранбилэг нар нь энхийг сахиулагчаа угтан авахаар хүрэлцэн ирснийг дуулгалаа. Тэрээр хүүхдүүддээ ирэх тухайгаа хэлээгүй бөгөөд Дорнод аймагтаа гэнэт очиж, магнайг нь хагартал баярлуулахаар төлөвлөжээ.

Хошууч Л.Одсүрэн (124) “Эх орондоо ирсэндээ баяртай байна. Манай цэргийн баг үндсэн үүргээсээ гадна ажиллагааны газар орондоо иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд, эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалахад онцгой анхаарч ажилласныг дурдах ёстой. Цэргийн багийн эмэгтэй энхийг сахиулагчид маань 9 бүлэгт хуваагдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөлөөллөөс гадна Судан улсын эмэгтэйчүүд, хүүхэд багачуудад чиглэсэн сайн үйлсийн олон ажлын ард гарлаа. Өнөөдөр үүнийгээ дүгнээд зогсож байгаа нь сайхан байна” гэсэн юм.

Энэ удаагийн цуврааг батальоны сургалт, соёл хүмүүжил хариуцсан орлогч дэд хурандаа Б.Ууганжаргал ахлан эх орондоо ийнхүү ирлээ.