УИХ-ын ээлжит чуулган нээлтээ хийх бэлтгэл ажил Төрийн ордонд өрнөсөн энэ өдрүүдэд Монгол төрийн хоёр өндөрлөг гадны улс орнуудад албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Үндсэндээ энэ зуны хугацаанд УИХ-ын дарга бууриа сахиж, харин Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар албан томилолттой ажиллав. Улс орнуудын хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах, харилцан ашигтай хамтарч ажиллах гол зорилгоос гадна буцалтгүй тусламж, хамтарсан том төсөл эхлүүлэх зорилгоо ч мартсангүй.
300 ажлын байр бий болгох хивсний үйлдвэртэй болох уу
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцоод ирэв. Энэ үеэр тэрбээр,100 тэрбум рублийн зээлийн асуудлыг ярилаа. Орос ах нарын зүгээс чамгүй өндөр шаардлага тавьсан ч хоёр улсын салбар дундын сайд нарын уулзалтын үр дүнд ОХУ-ын зүгээс шаардлагаа багасгах талаар дуугарчээ. Энэхүү зээлээр дэлхийн хамгийн хоцрогдсон төмөр зам болсон УБТЗ-д эрс шинэчлэл, өөрчлөлт хийнэ. Нөгөөтэйгүүр, өнгөрөгч зургадугаар сард Чиндаод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын уулзалтын үеэр яригдсан байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудал илүү шинэ төвшин гарчээ. Угтаа Чиндаод болсон уулзалтаар ОХУ-ын Төрийн тэргүүн “дэмжинэ” гэсэн үг амнаасаа унагасан. Харин Владивистокт болсон гурван талт уулзалтаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин “эдийн засгийн тооцоо судалгаа хийнэ” гэж мэдэгдсэн нь олон удаагийн уулзалт үр дүнгээ өгч буйг илтгэх биз. Гурван тал уулзахдаа яриад л өнгөрдөг байсан “Эдийн засгийн коридор” байгуулах яриа хэлцлийг хамтран урагшлуулах механизмтай болох талаар холбогдох яамны удирдлагууд гарын үсэг зурсан юм. Том дэвшил шүү. Зүүн Азийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болох Япон, Солонгост хүрэн нүүрсээ нийлүүлэх талаар санал гаргаж, БНСУ-ын зүгээс дэмжлэг авч чадлаа. Энэ мэтээр түүний айлчлал үр дүнтэй байжээ. Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан түүхэн кино ОХУ-ын дэмжлэгээр эхэлж байна. Мөн Халх гол сумыг төсвийн бус хөрөнгөөр шинэчлэхээр яригдлаа. Ажил үүргээ авсны дараа буюу нэг жилийн өмнө Ерөнхийлөгч мөн л Владивосток хотноо айлчлал хийхдээ тус улсын боомтоор нүүрсээ гуравдагч зах зээлд гаргах талаар яриад ирж байлаа. Тухайн үед олон хүн мөрөөдлөө ярьчихаад ирлээ хэмээж байв. Гэвч жил хүрэхгүй хугацааны дараа буюу өнгөрөгч зургадугаар сард ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөх Монголын бараа, бүтээгдэхүүн эдгээр боомтод очиход 25 жилийн тарифын хөнгөлөлт эдлүүлэх түүхэн шийдвэрт хоёр тал гарын үсэг зурсан. 10 гаруй жил яригдсан асуудал нэгхэн жилийн дотор ажил хэрэг болж чадсан юм. Хувийн хэвшлүүд илүү санаачилгатай байж гэмээнэ бид нүүрсний экспортоороо нэг улсаас хараат байхаа болино гэсэн үг. Ерөнхийлөгчийн хоёр дахь айлчлал Азербайжан улсад болов. Тэнд жүдо бөхийн дэлхийн аварга болсон. Мэдээж Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар баг тамирчдаа дэмжих нэг зорилго байсан нь хэнд ч ойлгомжтой. Нөгөөтэйгүүр, их спортоор нөхөрлөж буй ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтай тэнд уулзаж, хамтдаа жүдо бөхийн тэмцээн үзсэн нь улстөрчийн хувьд маш “овжин” тоглолт болов. Спорт олон хүнийг илүү ойрхон нөхөрлүүлдэг. Хойд хөршийн төрийн тэргүүнтэй хэдий олон уулзана тэр хэрээр хийн хоолойг улсаараа дамжуулах тэр холын “мөрөөдөл” энд ойрхон ирэх учиртай юм. Үүнийг ч улс төр судлаачид хэлж байгаа юм. Владивостокт ярилцсан олон зүйлээр ОХУ-ын дэмжлэгийг авах боломж бүрдэнэ. Бид “бөх үзэх гэж айлчлал хийлээ” хэмээн өнгөцхөн дүгнээд сууж болох ч В.Путин, Х.Баттулга нарын уулзалт бүр Монгол Улсад хожил авчрах боломж байхыг үгүйсгэх аргагүй. Азербайжан улсаас Ерөнхийлөгч ганзага хоосон ирсэнгүй. Тус улсын зүгээс газрын тосны үйлдвэр байгуулах талаар Монгол Улстай хамтран ажиллаж байсан туршлагад үндэслэж, энэ талаар хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлжээ. Мөн 300 гаруй хүнийг ажлын байраар хангах арьс шир, ноос ноолуур боловсруулах бүр цаашлаад хивсний үйлдвэр байгуулах ажил хэрэгч санал тавьжээ. Ингэснээр ширхэг бохины үнэгүй болсон малын түүхий эд үнэд орно гэсэн үг. Хоёр улсын тухайд эдийн засаг, худалдаа, бизнес эрхлэгчдийн түвшинд хамтарч ажиллах боломж байгааг ярилцаж, ирэх сараас эхлэн Азербайжан улсаас судалгааны баг Монголд ажиллахаар боллоо. Энэ бол том амжилт. Улс орны хэмжээнд том ашиг авчрахгүй ч жижиг дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд дахин шинэ гарц нээгдэх учиртай. Мөн манай улсын бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад ложистикийн дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлд хамтран ажиллах боломжийг харилцан судлахаар тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүнээ тус улсаар дамжуулж Ойрхи Дорнодын улсуудад нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх яриа хэлцэл хоёр улсын төрийн тэргүүний түвшинд яригдлаа.
350 сая ам.доллароор цэвэр усны асуудлаа цогцоор нь шийднэ
БНХАУ-д дуулиантай айлчлал хийж, Төв цэвэрлэх байгууламжаа шинэчлэх том хэмжээний төсөв олж ирснээс хойш ажин түжин байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаа 14 хоног АНУ-д айлчлал хийгээд ирлээ. Түүнийг эх орноосоо мордох үеэс л олон янзын хардлага дагав. Өмнөх айлчлал яагаад цуцлагдсан, энэ удаа явахдаа юу амжуулах, гацаанд орсон 350 сая ам.долларыг олж ирэх үү гэдэг нь юу юунаас чухал байлаа. Тэр ажлаа бүтээчихээд иржээ. Ерөнхий сайдыг эзгүй 14 хоногт олон л шуугиан дэгдлээ. АНУ-ын Төрийн тэргүүнтэй авахуулсан зургийг нь лааны тос, мөн биш хэмээн маргав. Айлчлалын үеэр авахуулсан гар утасны зургийг нь “чанаргүй” гэж шүүмжлэв. Гэвч Сэм авгаас олж ирсэн 350 сая ам.доллар, НҮБ-ын индэрээс хэлсэн түүний үгэнд хэн ч ач холбогдол өгсөнгүй. Америк, Монголын харилцааг 14 жилийн дараа илүү шинэ шатанд хүргээд ирсэнд нь баяр хүргэж, талархлаа илэрхийлсэнгүй. 2004 онд буюу 14 жилийн өмнө хоёр улс хамтарсан тунхаглал гаргах үед “Иж бүрэн түншлэл”-ийн шинэ үеийг зарлаж байсан бол энэ удаа “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн суурийг тавиад ирэв. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнстэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол Улс усны замбараагүй хэрэглээтэй. Яг энэ хэвээр дахиад 12 жил явахад л 2030 онд цэвэр усны хомсдолд орно. Харин Ерөнхий сайдын айлчлалын үеэр ажил хэрэг болж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпеотой үзэглэсэн АНУ-ын МСС-ийн хоёр дахь компакт гэрээний хүрээнд орж ирэх 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нийслэлийн усны асуудлыг бүрэн шийдэхээр боллоо. Анх удаа саарал ус ашиглах технологи хэрэглэж эхэлнэ. Улаанбаатар хотын газрын доорх усны ордуудыг түшиглэн 50 ширхэг худаг гаргах бөгөөд мөн олон шатлалтай, дэвшилтэт технологитой ус цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулахаар болжээ. Шинээр байгуулсан эх үүсвэрүүдийг Улаанбаатар хотын ус хангамжийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох ус дамжуулах шугам хоолой, өргөх станц, усан сан зэрэг бусад шаардлагатай дэд бүтцүүдийг барьж байгуулахаар төлөвлөжээ. Саарал усыг дулааны цахилгаан станцад ашиглах нөхцөлийг бүрдүүлснээр ДЦС-ын жилийн хэрэгцээнд 15 сая шоо метр саарал ус нэвтрүүлэх боломжтой болох юм. Монгол Улсад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж буй ОУВС-гийн удирдлага, Дэлхийн банкны удирдлагатай уулзаж, санал солилцлоо. Мөн далайд гарцгүй 32 орны олон улсын судалгааны төвийг Монгол Улсад байгуулсныг зарлаж, энэхүү сургалтын төвийн статусыг нэмэх тогтоолоо өргөн барив. Шийдвэрийг энэ сард эцэслэн гаргах учиртай. Статусыг нэмж чадвал далайд гарцгүй орнуудыг нэгтгэсэн цорын ганц байгууллагын бүх арга хэмжээ, санхүү, нөлөөлөл, оролцоо талаасаа ч ач холбогдол нь өндөр болж ирэх аж. Тухайлбал, зөвхөн далайд гарцгүй орнууд тойрч суугаад асуудлаа ярих биш транзит орнуудтайгаа хамтарч ярилцаж ойлголцох боломж нэмэгдэнэ гэсэн үг. Энэ мэтээр түүний 14 хоногийн айлчлал чамгүй амжилт, олз омогтой байлаа. НҮБ-ын индэрээс хэлсэн Ерөнхий сайдын үг ч зөрчил тэмцлийг хүчээр бус тайван замаар шийддэг, бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг Монгол Улсын байр суурийг илүү тод томруун илэрхийлэв. Цаашлаад НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй, хариуцлагатай биелүүлж ирснийг илтгэсэн сайн илтгэл тавилаа. Энхийг дэмжих ажиллагаанд цаашид нэр төртэй оролцоно гэсэн Ерөнхий сайдын үг НҮБ-ын гишүүн орнууд, цаашлаад Сэм авга нарын талархлыг хүлээж чадсан юм. Харин АНУ-ын зүгээс хэлсэн ил тод, тогтвортой байдлыг улс орондоо хэрэгжүүлж чадаж гэмээнэ хоёр улсын харилцаа илүү өргөн хүрээнд хэрэгжих учиртайг энэ олон хоногийн томилолтын хугацаанд У.Хүрэлсүх сайд яс махандаа шингэтэл ойлгосон биз ээ.