ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Уналт таталттай иргэдэд тусгайлсан бугуйвч зүүлгэх асуудлыг хөөцөлдөнө

O.Admin
2024-11-15

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Элэгсэг оршихуй” ТББ нь уналт таталттай 8-10 мянган иргэдийн эрх ашгийг нэгтгэн төлөөлдөг байгууллагын төлөөлөлтэй өнөөдөр уулзжээ. Уулзалтаар хэд хэдэн асуудлыг ярилцсан аж. Тодруулбал, 

1.Уналт таталтад уудаг эмийн хангалт муу, чанартай эм байдаггүй бөгөөд хөнгөлөлтөд оруулахгүй байна

2.Эмнэлгүүдийн яаралтай тусламжийн эмийн жагсаалтад уналт таталтыг түргэн буулгадаг орчин үеийн эмүүдийг оруулахгүй байна

3.Хувийн хэвшлийнхэн шаардлагатай зарим эмүүдийг оруулж ирдэг ч, үнэтэй болохоор яг хэрэгцээтэй иргэд нь авч чадахгүй болохоор хугацааг нь дуусгаад дахиж оруулж ирэхгүй болчихоод байна гэсэн асуудлыг ярьсан аж. 

Ж.Чинбүрэн гишүүн "Өнгөрсөн сарын нэгнээс хэрэгжиж эхлээд буй Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд Эмийн агентлаг ховор, өнчин эмүүдийг өөрсдөө шууд худалдан авалт хийж, үйлдвэрлэгчтэй нь харилцаж оруулж ирэх боломжийг нь гаргаад өгчихсөн. Нөгөө талаасаа хөнгөлөлттэй эмүүдийн төсвийг нэмээд байгаа.

Мөн ховор эм учраас дуртай үнээ тавьдаг асуудлыг ч хуульчилсан. Гаальд мэдүүлсэн үнэ болон ширхэгээр зарж буй бүх үнэ иргэдэд нээлттэй болсон. Өндөр хөгжилтэй, эмийн хатуу зохицуулалттай орнуудтай Засгийн газар хэлэлцээр хийгээд тохирчих юм бол тухайн улсын хэрэглэдэг эмийг Монгол Улс бүртгэсэн мэтээр шууд хэрэглэх боломжтой болсон. Энэ гаргалгаагаар уналт таталтын шинэ шинэ эмүүд Монголд шууд бүртгэгдэх боломж, эрх зүйн орчин бүрдсэн. Одоо Засгийн газар яаравчлан өндөр хөгжилтэй, эмийн хатуу зохицуулалттай орнуудтай хэлэлцээрээ хийх ёстой. Энэ талаар иргэдийн төлөөлөлд тайлбар өглөө.

Бас нэг зүйлийг тодотгоход уналт таталттай иргэдийн таних тэмдэг гэж байдаг. Тусгай таних тэмдэг бүхий бугуйвч. Тухайн иргэн маань гэр орон, ажлаасаа өөр газар явж байгаад таталт өгөөд унахад гэр бүлийнхэн нь унасан байрлал, цаг хугацааг нь мэдэх боломжтой. Үүнээс гадна энгийн иргэд, цагдаа нар тухайн унасан хүнийг уналт таталттай хүн гэдгийг шууд таньж эмнэлгийн тусламж үзүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Нийгмийн халамжийн сангаас протез, ортопед, болон бусад тусгай хэрэгслийг үнэгүй олгодог хуультай. Үүн дээр нэмээд эдгээр арваад мянгахан иргэддээ таних тэмдэг бүхий бугуйвч цагийг мөн олгодог байх ажлыг хөөцөлдөж ажиллах болно.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан оролцож 12 дугаар сардаа багтаан уналт таталттай иргэдийн эмийн чанар, хангалт, үнийн хөнгөлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг хийхээр тохирлоо" хэмээжээ.