Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатаар ахлуулсан ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж байна.
Энэ хүрээнд Өмнөговь аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын шийдвэр гаргах түвшний удирдлагууд, санхүүгийн алба, ханган нийлүүлэлтийн албаны дарга зэрэг албан тушаалтнуудтай албан уулзалтууд хийж байгаа бөгөөд эхний уулзалтаар "Оюутолгой" ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар албан татвар төлөгч нь нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн дэмжлэг (хандив) үзүүлбэл борлуулалтын орлогын нэг хүртэлх хувь хэмжээгээр татварын хөнгөлөлт эдлэх боломжийн талаар онцгойлон санал солилцлоо.
Цаашид тус орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд нь тухайн бүс нутгийнхаа нийгмийн асуудал, бүтээн байгуулалт зэрэг томоохон асуудлуудад анхаарал хандуулан, дэмжлэг үзүүлж, хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах, уялдаа холбоог сайжруулах талаар ярилцлаа.