Цэргийн төв эмнэлэгт өнгөрөгч аравдугаар сарын 05-ны өдөр архины хордлоготой хэмээн хүргэгдэж очсон иргэн Б гэгч нь ДОХ-ын халдвар тээгч байсан төдийгүй Цэргийн төв эмнэлэг уг иргэнийг ийм оноштой гэдгийг мэдэхгүйгээр цус сэлбэж, мөн бөөрний диализын аппаратад оруулснаар бусад энэ төрлийн эмчилгээ авдаг иргэд болон эмч нар халдвар авсан байж болзошгүй хэрэг гарсан талаар “ergelt.mn” сайт анхлан мэдээлсэн билээ. Албаны хүмүүс уг мэдээллийг үгүйсгэж байсан ч Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ мэдээлэл үнэн гэдгийг нотолсон.
Тэрбээр, “Ийм асуудал үүссэн нь үнэн. Зохих журмын дагуу арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн. ДОХ-ын халдвартай гэдгийг мэдэхгүйгээр бусдыг эрсдэлд оруулсан байвал зохих журмын дагуу арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн аж.
Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбогдуулан ЦЕГ-аас Цэргийн төв эмнэлгийн эмч, удирдлагуудыг шалгаж эхэлсэн бөгөөд тус эмнэлэгт ганцхан байдаг диализын аппаратад орсон бусад өвчтөнүүдэд шинжилгээ хийж, мөн талийгаачид задлан шинжилгээ хийсэн эмч нарт мөн шинжилгээ хийж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Мөн уг асуудал эрүүл мэндийн салбарт нэлээд өндрөө авч, олон хүмүүст хариуцлагын асуудал яригдах бололтой.