УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцуулав.
Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлж холбогдох журам, зааврыг баталж ажиллаж байгаагийн зэрэгцээ үр дүнтэй хяналт, зохицуулалтын орчныг бүрдүүлж, ФАТФ-ын Техникийн зөвлөмж 15 (Шинэ технологи)-ийг хангаж ажиллаж байна. Виртуал хөрөнгийн салбарын зохицуулалт Монгол Улсад төдийгүй дэлхий даяар шинэлэг хэвээр байгаа ба техник технологийн хурдацтай шинэчлэлийг дагаж шинэ сорилтууд учирсаар байна.
Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн салбарын оролцогчдын үйл ажиллагааг дэмжих, тус зах зээл дэх хууль бус хөрөнгийн урсгалд хяналт тавих, илрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 17-нд батлагдсан бөгөөд одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн 41 байгууллага үүнээс үйлчилгээ үзүүлэгч 12 байгууллага байна. СЗХ-ноос хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор иргэд, олон нийтэд хуулийг сурталчлан таниулах чиглэлээр бүсчилсэн сургалтыг тогтмол зохион байгуулж байна.
Мөн энэ үеэр тэрбээр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарын эрсдэлийн үнэлгээ, хэрэгжүүлсэн арга хэмжээ, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын талаар мэдээлэл өгсөн юм.