ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хуульзүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжив

O.Admin
6 цагийн өмнө

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2024.11.22/ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, олонхын саналаар хоригийг хүлээж авахыг дэмжлээ.

Хуралдаанд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Хууль зүйн бодлогын газрын дарга н.Мөнхболд нар оролцож гишүүдийн асуултад хариуллаа. Хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Б.Заяабал, Ж.Алдаржавхлан, Д.Цогтбаатар нар асуулт асууж, үг хэллээ. Хуралдааны үеэр гишүүд Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор төсвийг алдагдалгүй батлах, хэлэлцэх үе шатыг тодорхой болгох нь зүйтэй гэдгийг онцлон хэлж байв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын товыг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байсныг 2024 оны 12 дугаар сарын 11-ий өдөр болгон тогтоолоо.  Байнгын хорооны хуралдааны санал дүгнэлтийг, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн О.Номинчимэг танилцуулна.