Баянзүрх дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн нийлэн өнгөрөгч есдүгээр сард “Нэг зүрх-Манлайлал холбоо” гишүүдэдээ үйлчилдэг ТББ-ыг үүсгэн байгуулжээ. Улмаар дүүргийнхээ ЗДТГ болон Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төвийнхөө дэмжлэгээр өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах дэлгүүртэй болсон бөгөөд өчигдөр Сансарын “И март”-ын хажууд байрлалтай “Сансар гарден” хотхоны 39 дүгээр байранд хоёрдахь дэлгүүрээ нээлээ.
“BZshowroom-2”-ийн нээлтэд Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан, ЖДҮ-ийг дэмжих төвийн захирал Г.Мягмардорж, Нийслэлийн ЖДҮҮДТ-ийн Сургалт, судалгаа маркетингийн хэлтсийн дарга А.Зулбаатар, “Нэг зүрх-Манлайлал” ТББ-ын ТУЗ-ийн дарга Т.Мөнхнасан, Гүйцэтгэх захирал О.Золзаяа нар болон ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.
"BZ Showroom 2" арт дэлгүүрийг Баянзүрх дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор байгуулсан ба тус дэлгүүрт Баянзүрх дүүрэгт ЖДҮ эрхэлдэг шилдэг 20 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ борлуулах ажээ. Түрээсийг дүүргээс хариуцаж байгаа гэдгээрээ тэдэнд маш том дэмжлэг болж байгааг ЖДҮ эрхлэгчид онцолж байлаа.
Дашрамд дурдахад "Нэг Зүрх Манлайлал" ТББ нь ЖДҮ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг нэгдмэл дуу хоолойгоор хуулийн хүрээнд хүргэх, төрийн болон ТББ-уудтай хамтран ажиллаж, бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн түншлэлийг ойртуулах зорилготойгоор сайн дурын үндсэн дээр байгуулагджээ. Тус дэлгүүрийн нээлтэд ирсэн зочдын сэтгэгдлийг хүргэе.
Г.Жаргалсайхан: ЖДҮ эрхлэгчдэд бичил зээл гаргах асуудлыг шийднэ
/Баянзүрх дүүргийн Засаг дарга/
-Баянзүрх дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд 500 гаруй ЖДҮ эрхлэгч бүртгэлтэй байдаг. Тэдний төлөөлөл нэгдэж гишүүдэдээ үйлчилдэг “Нэг зүрх-Манлайлал” ТББ-ыг үүсгэн байгуулсан юм билээ. Тус ТББ-тай бид урт хугацаанд хамтарч ажиллахаар гэрээ байгуулж, бизнес эрхлэгчдээ дэмжиж дэлгүүр нээж өглөө. Дүүргээс түрээсийг нь хариуцаад явах юм. Түрээслэгчид маань дотоод тохижилтоо хийгээд явна. Эхний дэлгүүр нь “Paradise” худалдааны төвд нээгдсэн байгаа. Хоёрдугаарх дэлгүүр нь өнөөдөр “Сансар гарден” хотхонд нээгдлээ.
Хэрэглэгчид та бүхэн манай ЖДҮ эрхлэгчдийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийгээрэй гэж урилъя. ЖДҮ эрхлэгчидтэйгээ уулзаж байхад хамгийн их тулгарч буй асуудал нь ажлын байр гэдгийг хэлдэг. Тиймээс Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөндөө бид Аж үйлдвэрийн парк барих асуудлыг тусгаж өглөө.
Ингэснээр гарааны бизнес эрхлэгчид маань нэг дор төвлөрч ажлын байртай, дундын үйлчилгээний талбайтай, хүргэлтийн машинтай болж, нэг үйлдвэрлэгчээс гарах зардлыг бууруулж чадах юм. Хамтраад, олуулаа ахиж дэвшээд, хөгжөөд явах, том ажил аваад хамтдаа хийх байдлаар цаашаа явах боломжийг бүрдүүлж өгнө. 2025 онд ХНХЯ болон ЖДҮДГ-тай хамтын ажиллагааны гэрээ зурж, бичил зээл гаргах асуудлыг шийднэ. Тус зээлийн 50 хувийг дүүргийн төсвөөс гаргах байдлаар бизнес эрхлэгчдээ дэмжээд явна. Цаашдаа гадны улс орнуудад болж буй үзэсгэлэн худалдаа, экспод дүүргийнхээ бизнес эрхлэгчдийг оролцуулах ажлыг тууштай хийнэ.
Г.Мягмардорж: Маркетингийг шинэ түвшинд хийхээр ажиллаж байна
/Баянзүрх дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төвийн дарга/
-Жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгардаг ганц асуудал нь борлуулалт. Тиймээс маркетингийг шинэ түвшинд хийхээр ажиллаж байна. Хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтраад бүтээгдэхүүний сурталчилгааг хийх, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийнэ. Энэ дэлгүүрт 20 ЖДҮ эрхлэгч бүтээгдэхүүнээ зарж борлуулна. Дүүргээс түрээсийн дэмжлэг үзүүлж байгаа. Борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлд цаашдаа ч тууштай дэмжинэ.
Гарааны бизнес эхлэхээс нь дэмжиж, тогтвортой ажлын байртай, орлоготой болох хүртэл нь ЖДҮ эрхлэгч нарыгаа дэмжээд явдаг. Дүүрэг цаашдаа дээрээ ажлын байртай, доороо үзэсгэлэн худалдаагаа гаргадаг том төвтэй болохоор төлөвлөөд явж байна. Энэ ажлыг хурдан шуурхай хийхийн төлөө хамтраад ажиллах болно. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж худалдан авалт хийгээрэй гэж монголчуудадаа урилъя. Манай үйлдвэрлэл эрхлэгчид маш чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр зарж борлуулж байгаа шүү.
О.Золзаяа: Төрийн бус байгууллага маань таван үндсэн зорилготой байгуулагдсан
/“Нэг зүрх-Манлайлал” ТББ-ын Гүйцэтгэх захирал/
-Манай ТББ нь таван үндсэн зорилготой байгуулагдсан. Гишүүдээ чадавхжуулах, борлуулалтын суваг нэмэгдүүлэх, түншлэлийн холбоо сайжруулах, техник технологийн шинэчлэлээс гадна санхүүжилт. Борлуулалтын суваг нэмэгдүүлэх гол ажлын нэг нь бол үйлдвэрлэгчид маань бараа бүтээгдэхүүнээ борлуулах өөрсдийн дэлгүүртэй болох асуудал байсан.
Үүнийг дүүргээс дэмжсэнээр Баянзүрх дүүргийн ЖДҮ эрхлэгчид маань хоёрдахь дэлгүүрээ “Сансар гарден” хотхонд нээлээ. Дан, дангаараа лангуу түрээслээд ажиллахад хүндрэлтэй учраас нэгдэж нийлээд нэг дор олон янзын бүтээгдэхүүнээ зарах учраас давуу талтай байх юм. Цаашдаа гадны үзэсгэлэн худалдаанд орох, нэрийн дэлгүүрээ нээх зэрэг олон ажил төлөвлөсөн байгаа.
Манай холбооны гишүүд кластер байдлаар ажиллах юм. Тухайлбал, 5000 дээлний захиалга ирлээ гэхэд нэг үйлдвэрлэгч ганцаараа түүнийг хийж чадахгүй. Харин нэгдээд хийвэл маш амархан хийж чадах учраас том ажлууд аваад хамтраад хөгжих боломжтой. Тиймээс ЖДҮ эрхлэгчид маань холбоондоо нэгдээрэй гэж уриалъя. Хамтраад хөгжиж, дэвшээд явцгаая.
Л.Нямсүрэн: Чанартай бүтээгдэхүүнээр та бүхэнд үйлчлэх болно
/“Дэгжин шаавай” урлангийн захирал/
-Урлангаа ажиллуулаад 20 гаруй жил болж байна. Энэ манай талийгаач эгчийн бизнес байсныг би өвлөн авч үргэлжлүүлж байгаа юм. Манайх Их дэлгүүрт бараагаа нийлүүлдэг. Одоо өөрсдийн гэсэн ийм гоё дэлгүүртэй болж байгаад баяртай байна. Дүүргээс үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэргээр маш их дэмждэг учраас бидний бүтээгдэхүүн ч олон нийтэд сайн танигдсан. Хүн хүний онцлогт тохирсон, биед эвтэйхэн, хамгийн гол нь чанартай торго, даавууг сонгож дээлээ хийдэг. Манайх тогтмол 4-5 хүнийг ажлын байраар хангадаг.
Ачаалал ихтэй үед хүн нэмж ажиллуулах байдлаар явж байна. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан ч түрээс нэмэгдсэн учраас сүүлийн үед гэрээр бүтээгдэхүүнээ оёж байна даа. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд зээл тусламжийн асуудал л хэцүү байдаг даа. Дүүргээс дэмжээд үзэсгэлэнд үнэгүй оруулдаг байсан бол одоо түрээсийг нь төлөөд дэлгүүртэй болголоо. Маш их баяртай байна. Манай бүтээгдэхүүнүүд монгол загвараа хадгалсан гэдгээрээ онцлогтой. Дэгжин шаавай урлангийн фэйсбүүк хаягаар зочилж манай загваруудтай танилцаарай. Үнэ ханшийн хувьд ч боломжийн, хамгийн гол нь чанартай бүтээгдэхүүнээр бид та бүхэнд үйлчлэх болно.
н.Мөнгөндолгио: Гоё дэлгүүртэй болсондоо маш их баяртай байна
/“Сорхон сондор” брэндийг үүсгэн байгуулагч/
-Би 2009 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн Хувцас дизайны ангийг төгсөөд мэргэжлээрээ салонуудад ажиллаж байгаад, өөрийн урлангаа 2018 оноос эхлэн нээж ажиллуулсан. Улирал бүрт тохируулахаас гадна уламжлалт баяруудад зориулан хувцсаа урладаг. Хувцас бүхэн маань бусдаас ялгардаг сор нь байгаасай гэж бэлэгдэж сорхон гэдэг үгийг охиныхоо Сондор нэртэй хослуулан брэндээ нэрлэсэн.
Хүний биед тухтай, бүх улиралд өмсдөг байхаар хувцасны загвараа гаргаж урладаг. Манайх “Сорхон сондор” фэйсбүүк группээр захиалгаа аваад бүтээгдэхүүнээ оёж хүргэдэг байсан бол дүүргээс дэмжсэний дагуу дэлгүүртэй болж, бараа бүтээгдэхүүнээ илүү олон хэрэглэгчид хүргэж эхэлсэндээ баяртай байна. ЖДҮ эрхлэгчдэд өөрсдийн гэсэн дэлгүүртэй болох түүнийхээ түрээсийг тогтмол төлөөд явахад бэрхшээл их учирдаг. Борлуулалт тэр болгон их байх уу, захиалга орж ирэхгүй бол яах вэ гэх мэтээр асуудал их. Харин дүүрэг дэмжиж, ийм гоё дэлгүүртэй болгосонд маш их талархаж байна. Одоогийн байдлаар бүх зүйлээ өөрөө хийж байна. Цаашдаа үйл ажиллагаа илүү өргөжүүлж, ажилтнуудтай болох том зорилго бий. Түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө зүтгэж явна.