НИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар сайжруулсан шахмал түлшийг халж, цэвэр эрчим хүчний нэг төрөл болох хийн түлш буюу шингэрүүлсэн нефтийн хийн хэрэглээг айл өрхүүдэд нэвтрүүлэх, эрчим хүчний шинэ шийдлийг танилцууллаа.
Энэ тухай НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг “Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын түвшинд яригдаж байгаа чухал ач холбогдолтой төсөл. Дайнаас болж, газын үнэ нэлээд савлагаатай байгаа. Дэлхийн 86 орон ОХУ-гаас газаа ипдортоор авдаг. Өнөөдрийн байдлаар 48 орон ямар нэгэн байдлаар ОХУ-гаас газаа авч байна.
Өмнөд Солонгос газын хэрэглээний 95 хувиа мөн импортоор авч байна. Үнийн тухайд, Монгол Улс ойрын гурван жилдээ импортын газаар хэрэглээгээ хангана гэж төлөвлөсөн. Манай улс бол хийн болон байгалийн шингэрүүлсэн хийн арвин нөөцтэй. Бүтээгдэхүүн хуваах гэрээний явц дээр энэ салбарын ажил урагшилж байгаа учраас цаашдаа хийн хангамжаа бид дотоодоосоо бүрэн хангах боломжтой юм.
2027 онд ашиглалтад орох Дорноговь аймаг дахь нефтийн үйлдвэр ашиглалтад орвол жилдээ 60 мянган тонн газ гаргах хүчин чадалтай. Бидний жилийн нийт газын хэрэглээ ч 60 мянган тонн. Улаанбаатарынх 43 мянган тонн гэсэн тооцоо судалгаа бий. Бид ойрын хугацаанд 100 мянган айл өрхийг хийн түлшид холбох дэд бүтцийг барина. Нам даралтын 3000 зуухыг хийн түлш рүү шилжүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байна. Заах зээлийн үнийн тухайд жижиглэнгийн худалдаанд нэг кг газ 2500-2700 төгрөгийн үнээр борлуулагдаж байна” гэв.
Хэлэлцэж дэмжсэн асуудлууд
-
“Нийслэлийн орон сууц корпораци” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай
-
Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
-
Экологийн коридор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авах
-
Нийтийн эдэлбэр газрын зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
-
Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай
-
Нийтийн зориулалтын орон сууцыг балансаас баланст шилжүүлэх тухай
-
Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
-
Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулах тухай
-
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаан ирэх даваа гараг хүртэл завсарлалаа.